Өндөр настанд үзүүлэх тусламжийг бэхжүүлэхэд анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-11 17:38:44

Увс аймгийн Эрүүл мэндийн газраас Ахмадын холбоотой хамтран “Өндөр настанд үзүүлэх тусламжийг бэхжүүлье” сургалтыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Улаангомд зохион байгуулсан байна.

Сургалтанд сумын болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд хамрагдаж, өндөр настай хүмүүст үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх мэдлэг, ур чадвараа дээшлүүлжээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон сумын эмнэлгүүд нь өндөр настнуудад үзүүлэх тусламж, үйлчилгээний тал дээр хангалтгүй ажилладаг бөгөөд хэвтүүлэн эмчлэх ор цөөхөн, өвчтөн олон, эм тарианы хүрэлцээ муу, эмч мэргэжилтнүүд дутагдалтай гэх мэт олон олон шалтгаан байдаг аж. Гэвч эмнэлгийнхээ орчин нөхцөлд тохируулаад дотоод нөөц боломжоо ашиглан нэг өрөөг тохижуулж ахмадууддаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж болох юм хэмээн зарим сумын эмнэлгийн эрхлэгч эмч нар хэлж байлаа.

“Энэхүү сургалтыг зохион байгуулснаар Сумын эрүүл мэндийн төв болон өрхийн эмнэлгүүд өндөр настанд ээлтэй үйлчилгээ үзүүлэх тохиромжтой орчин бүрдүүлж ажиллах юм" хэмээн Анагаах ухааны магистр, 1-р зэргийн их эмч Т.Дулмаа ярилаа.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ