ДАРХАН-УУЛ: Төвийн бүсийг хөдөө аж ахуйн загвар нутаг болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Дархан-Уул аймагт ажиллалаа. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлогыг танилцуулж, орон нутгийн төрийн алба хаагчид болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.
ХХААХҮ-ийн сайд уулзалтын эхэнд төвийн бүсэд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрийн парк, хөнгөн үйлдвэрийн паркийг кластер хэлбэрээр хөгжүүлж, ХАА-н загвар бүс нутаг зорьж буйг онцлов.
Энэ хүрээнд “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо" хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөрийг үргэлжлүүлж, Атрын IV аяныг шинээр эхлүүлэх ажээ.
Дархан-Уул аймгийн тухайд хүлэмжийн аж ахуй, жимс жимсгэнэ, хүнсний ногооны аж ахуйг эрчимжүүлэх тал дээр анхаарч ажиллах бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны инновацын төвийг байгуулахаар төвлөрч буйг дурдлаа.
Мөн хорин нэгдүгээр зууны хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд сургалтын тоног төхөөрөмжийг сайжруулж, арга барилыг шинэчилж, сургалтын таатай орчин бүрдсэн ХААИС-ийн нэгдсэн кампусыг байгуулахаар төлөвлөж буйг салбарын төлөөлөлтэй уулзах үеэрээ онцоллоо.
Ингэснээр
Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг Хөдөө аж ахуйн загвар аймаг болж хөгжихийн
зэрэгцээ бүс нутагт татварын тусгай орчин үйлчлэх боломж бүрдэх аж.