ДАРХАН-УУЛ: Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-07-30 16:30:58

Дархан, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Тогтвортой байдлын төлөөх орон нутгийн засаг захиргааны Зүүн Азийн бүс нутаг хариуцсан захирал Шүй Жоу болон мэргэжилтнүүд Дархан хотод зочиллоо. Төлөөлөгчдийг аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан хүлээн авч уулзав.




Энэ үеэр холбооны зүгээс Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн бодлого, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор хэрэгжүүлдэг “Жеф” төсөлд Дархан-Уул аймаг хамтран ажиллах боломжтой гэв.


Тус сүлжээнд манай улсаас одоогоор Улаанбаатар, Эрдэнэт хотууд элсэж хамтран ажилладаг бол уг уулзалтаар Дархан хот албан ёсоор нэгдэж гишүүнчлэлийн гэрчилгээгээ гардан авлаа.




"ICLEI" буюу Зүүн Азийн байгууллага нь 2500 гаруй орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргаатай хамтран ажилладаг дэлхийн томоохон хотуудын тогтвортой хөгжлийг хангах зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага ажээ.




Үндсэн таван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Дархан хот нэгдэн орсноор бүс нутагтаа уг үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Тухайлбал, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой хөгжлийн зорилтыг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, хүн төвтэй чадварлаг боловсон хүчинтэй эдийн засгийн хөгжлийг дэмжин ажилладаг байна. 



 

Холбоотой мэдээ