“Хааны эрэлд-2024”-д оролцогчид бүлэг сургалтад хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-07-31 13:28:59

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Хааны эрэлд-2024” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль 20 дахь жилдээ болж байна.


Энэ удаагийн сургуулиар бригад, батальоны түвшний команд штабын болон салааны түвшний тактикийн хээрийн сургууль, төрөлжсөн мэргэжлийн цэргийн чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүлэг сургалтыг зохион байгуулж байна.

Энэ нь энхийг сахиулагчдыг сургаж бэлтгэх, ажиллагааны газар оронд үүсэж болох аливаа нөхцөлд бэлэн байдлыг хангах, үүрэг гүйцэтгэх ур чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ оролцогч орнуудаас харилцан туршлага солилцох, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц өгнө хэмээн БХЯ-наас мэдээллээ.



“Хааны эрэлд-2024” сургуульд 23 орны 1000 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаагаас салаадын хээрийн сургуулиар АНУ, БНХАУ, БНСУ, Турк, Энэтхэг, Япон (2 салаа), Катар, Монгол зэрэг 10 улсын нийт 11 салааны бүрэлдэхүүн явган эргүүл, баазын хамгаалалт, иргэдийг авран хамгаалах зэрэг хичээлийн 10 цэгт сургалт, дадлагад хамрагдаж байна.




Олон улсын сургуулийн чөлөөт цагаар ЦДБЭЧ-ын уран бүтээлчид хэсэгчилсэн тоглолтоо толилуулж, оролцогч орнуудын соёлын өдөрлөг болж Япон болон БНСУ-ын цэргийн алба хаагчид үндэсний өв соёлыг сурталчилж, тулааны урлагийн үзүүлэн тоглолтыг сонирхууллаа. Энэхүү өдөрлөгөөр оролцогч орнуудын цэргийн алба хаагчид өөрсдийн үндэстний онцлогийг таниулах, нөхөрлөх, сургалт бэлтгэлээс авсан ачааллыг хөнгөвчилдөг байна.  




Монгол Улсын энхийг эрхэмлэгч гадаад бодлогын бодит илэрхийлэл, бүс нутаг, олон улсын түвшинд Монгол Улсын төр, засгаас дэвшүүлж буй олон санаачилгын дунд цар хүрээ, нэр хүндээрээ түүчээлж Монголын Зэвсэгт хүчний нэрийн хуудас болж буй тус сургууль нь бүс нутагтаа томоохонд тооцогддог юм.

Мөн НҮБ-ын цэнхэр дуулгатнуудын эгнээг өргөтгөх, оролцогч орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн юм.

Холбоотой мэдээ