Рубикийн шоог эвлүүлэх хурдны дээд амжилтыг Оросын робот тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-08-04 10:17:34

МОСКВА, 2024 оны наймдугаар сарын 4 /РИА Новости/. Рубикийн шоог богино хугацаанд эвлүүлэх дэлхийн дээд амжилтыг  Орос улсад зохион бүтээсэн робот тогтоожээ. Уг робот 0,203 секундэд шоог эвлүүлснээр Японы Mitsubishi Electric Corporation компанийн роботын тогтоосон өмнөх амжилтыг /0,305 сек/ эвдсэн гэдгийг “Яндекс” компанийн зохион бүтээгч Александр Кротов хэллээ.  


“2024 оны 7 дугаар сарын 5-нд болсон тусгай арга хэмжээний үеэр энэхүү рекорд амжилтыг тогтоосон. Роботыг бүтээхдээ би мотор, камер зэрэг эд ангиудыг ашигласан” гэж Кротов ярьж байна.


0,203 секунд гэдэг нь хүний тархи харсан дүрсээ юу вэ гэдгийг дөнгөж ухамсарлах төдий нүд цавчих хугацаа юм. Спидкубинг буюу шоог эвлүүлэх тал дээр хүний тогтоосон дээд амжилт бол 3,13 секунд ажээ.


10 миллисекундийн хугацаанд уг робот ирмэгүүдийн зургийг камераар авч, тусгай программын тусламжтайгаар дүрсийг боловсруулдаг бол 8 миллисекундийн хугацаанд хамгийн цөөн үйлдлээр шоог эвлүүлэх дарааллыг тооцоолдог байна. Үүний дараа 6 ширхэг моторын тусламжтайгаар шооны ирмэгүүдийг 184 миллисекундийн хугацаанд нэгэн зэрэг хөдөлгөнө.  


А.Кротов энэ төсөл дээр хэдэн жилийн хугацаанд ажиллахдаа роботыг хэд хэдэн удаа шинэчилжээ. Тэрбээр “Яндекс” компанид хэлний нейро сүлжээний дэд бүтцийг зохион бүтээж байгаа бөгөөд уг дэд бүтцийг тус компанийн “Поиск”, “Нейро” зэрэг бүтээгдэхүүнүүдэд ашигладаг. 

Холбоотой мэдээ