ӨВӨРХАНГАЙ: Хойчийн буяны үйлд зориулан байгуулсан цэцэрлэгт хүрээлэн 20 000 орчим модтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-08-06 14:11:16

Арвайхээр, 2024 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Арвайхээр хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн дагуу хот тойрсон газруудад цогц төлөвлөлт буюу ландшафтыг хэрэгжүүлж байна.

 

Байгалийн унаган төрхийг алдагдуулахгүйгээр мод бут тарьж, арчилгаа усалгааг тогтмол хийснээр тухайн орчны газрын хөрс сэргэж, ургамлын төрөл зүйл нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, нас барагсдын хойчийн буянд зориулан байгуулсан Баяннамсрай цэцэрлэгт хүрээлэнд энэ жил 10 мянга гаруй мод, бутыг тарьжээ. Иргэд Ганданпунцоглин хийдээс зөвлөсний дагуу нас эцэслэсэн хайртай, дотныхоо хүмүүст зориулж, уг цэцэрлэгт хүрээлэнд мод бут тарьдаг уламжлал тогтоод хоёр жил болж байна.

 

Нэг хүн гурваас дээш мод тарьж, усалгаа арчилгааг Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГ хариуцдаг агаад 20 мянга орчим мод бут ургаж байна.

 

Арвайхээр сумын аж ахуй нэгж, албан байгууллагууд хаврын мод тарих өдрүүдээр 11,3 га газарт шинээр мод бут тарьсан. Үүнээс Залуус цэцэрлэгт хүрээлэнд 1503, Ногоон төгөлд 561, Их Монгол цэцэрлэгт хүрээлэнд 800 ширхэг мод бутыг тарьсан бол 149 айл өрх 1969 ширхэг, албан байгууллагууд гадна талбайдаа 8760 ширхэг гоёлын болон навчит мод бутыг тарьж суулгасан байна.

 

Холбоотой мэдээ