Энэ онд 146 мянган тонн цемент импортолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-08-08 14:36:48

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 188 дугаар тогтоолоор цементийн гаалийн албан татварыг 20-иос таван хувь болгон багасгасантай холбогдуулан Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 96 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг цементийн чанарт хяналт шалгалт хийсэн байна.


Шалгалтаар барилгын материалын 44-ийн зах дээр борлуулж буй БНХАУ-ын цементээс зургаан төрлийн дээж авч, барилгын материалын сорилтын лабораторид физик механик үзүүлэлтийг тодорхойлуулахаар шинжилгээнд хамруулжээ. Эдгээрээс нь гурван дээжийн шахалтын бат бэх нь 42.5 МПа байхаас 42МПа, 39.9 МПа, 41.5 МПа гарчээ. Өөрөөр хэлбэл, 39.9 МПа гарсан нэг дээж шаардлага хангаагүй байна. Мөн импортоор орж ирсэн цементэд гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн шинжилгээний бичиг, чанарын гэрчилгээ байхгүй гэх дутагдал илэрчээ.  


Барилгын үндсэн бүтээц болон бетон зам, хучилт, өрлөг, далан суваг, усны хоолой, хамгаалалтын түшиц хана, төмөр бетон эдлэл, бетон зуурмаг үйлдвэрлэхэд цементийг орц нормын дагуу хэрэглэх шаардлагатай. Мөн чанарын шаардлага хангаагүй цементийг ашиглах нь эрсдэл дагуулдаг болохыг албаныхан анхааруулж байв. Иймээс  стандартын шаардлага хангаагүй нэг дээжид дахин нарийвчилсан шинжилгээ хийхээр болжээ.


Манай улс жилдээ 2.3 сая тонн цемент хэрэглэдэг. Хэрэглээнийхээ 12 орчим хувийг импортолж байна. Энэ оны наймдугаар сарын байдлаар 146 мянган тонн цемент оруулж иржээ. MNS 3091:2008 стандартын дагуу 50 кг цемент тутамд хүлцэх алдаа нэг кг байдаг бөгөөд түүнээс их байвал стандартын шаардлага хангахгүй гэж үздэг юм байна.


Ташрамд дурдахад, цементийг үйлдвэрлэснээс хойш 60 хоногийн дотор хэрэглэхээр тооцож хадгална. Хэрэв энэ хугацаанаас хэтэрвэл цементийн идэвхжил буурч, чанарт нь өөрчлөлт ордог ажээ. 







Холбоотой мэдээ