Умардын тамирчдад гар утас бэлэглэсэн нь НҮБ-ын тогтоолыг зөрчсөн гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-08-08 14:48:17

СӨҮЛ. 2024 оны наймдугаар сарын 8 /ТАСС/. Өмнөд Солонгосын Samsung корпорацид үйлдвэрлэсэн ухаалаг гар утсыг Парисын Олимпын үеэр Умард Солонгосын тамирчдад бэлэглэсэн явдал нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн үйлдэл байж болзошгүй гэж БНСУ-ын эрх баригчид үзэж байна. Энэ тухай тус улсын Үндэстнээ нэгтгэх яам болон Гадаад харилцааны яамны албан тушаалтнууд ярьснаас эш татан Ёнхап агентлаг мэдээлжээ.  


“НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2397 тоот тогтоолын 7 дахь зүйлд зааснаар, үйлдвэрлэлийн зориулалттай аливаа тоног төхөөрөмжийг Умард Солонгост шууд ба шууд бусаар нийлүүлэх, худалдах ба дамжуулахыг хориглодог. Ухаалаг гар утас нь тогтоолоор хориглосон барааны жагсаалтад багтдаг” гэж Өмнөд Солонгосын ГХЯ-ны нэрээ нууцалсан нэгэн ажилтан мэдэгджээ.


“Умардын эсрэг авсан хоригийг зөрчсөн байх магадлал бий, гэхдээ эцсийн хариуг ОУОХ өгөх ёстой” гэж Үндэстнээ нэгтгэх яамны ажилтан хэлсэн байна.


Samsung Electronics компани өөрийн Galaxy Z Flip 6 ухаалаг гар утасны “Олимпын хувилбар”-ыг Парисын Олимпын тоглолтод оролцож буй бүх тамирчинд буюу 17 мянга орчим хүнд бэлэглэжээ.


7 дугаар сарын 31-ний өдөр ширээний теннисний төрөлд медаль хүртсэн БНХАУ, БНАСАУ, БНСУ-ын тамирчид медалийн тавцан дээр Самсунгийн бэлэглэсэн гар утсаар селфи хийжээ. Өмнө нь хувийн эд зүйлсээ, тэдгээрийн дотор гар утсаа авч тэмцээний талбарт гарахыг хориглодог байсан бол Өмнөд Солонгосын компанитай тохиролцсоноор “ялагчдын селфи” хийхийг зөвшөөрсөн байна.


Хориг зөрчсөн гэх асуудал 2018 оны Пёнчаны өвлийн Олимпын үеэр үүсэж байсан бөгөөд тухайн үед Умард Солонгосын тамирчид Samsung-ийн ухаалаг гар утсыг авахаас татгалзаж байсан юм.

 

 

Холбоотой мэдээ