Ховд хотын түүхт 340 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-08-09 11:56:11

Жаргалант, 2024 оны наймдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Чандмань уулын аймгийн 100 жилийн ой, Ховд хотыг байгуулсны 340 жилийн ойн баяр ирэх онд болно.   


2015 онд аймгийн ИТХ-ын тогтоол гарч, Ховд хотын түүхт 330 жилийн ойг тэмдэглэж байсан түүхтэй.  


Ховд хотын эх суурийг Зүүнгарын Галдан бошигт хааны орд өргөө, тарианы сууринаас эхлэлтэй гэж үздэг.  Уг сууриныг 1685-1717 онд монгол цэргийн бэхлэлт, 1717-1730 онд Манжийн цэргийн тарианы суурин, 1730-1762 он хүртэл цэргийн бэхлэлт байдлаар хэрэглэсээр иржээ.    


Туурь нь одоо Ховд хотоос 40 гаруй км зайд,  Ховд сумын Баруун салаа багийн нутаг Улаан харгана гэх газарт бий. Тууриас 3-4 км зайд Ховд гол байрлана. 1762 онд Ховд хотыг Буянт голын хөвөөнд шилжүүлсэн байна.  


Мөн түүхийн эх сурвалжид тэмдэглэснээр 1925 онд дөрвөдийн төгс хүлэг Далай ханы аймаг, Үнэн зоригт ханы аймаг, Ховдын хязгаарын хошуудыг нэгтгэж Чандмань уулын аймгийг байгуулжээ. Аймгийн төв нь анх Улаангом байснаа Ховд хот руу шилжсэн юм. Тус аймгийг 1931 онд Увс, Ховд гэх хоёр аймаг болгосон түүхтэй.

 

   

Холбоотой мэдээ