ЗАВХАН: Кирилл болон брайл үсгийн хосолмол хэвлэлтэй сонсдог номоор фондоо баяжуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024
оны наймдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Төв номын сан
харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номоор сан хөмрөгөө баяжуулжээ.
Монголчуудын бахархалт үеийн түүх, Эзэн богд Чингис хааны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой бүтээгдсэн кирилл болон брайл үсгийн хосолмол хэвлэлтэй, сонсдог “Монголын нууц товчоо” номын дээжээс Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал Н.Саруул аймгийн Төв номын санд гардуулан өгчээ.
Энэхүү ном нь сул хараатай болон харааны онцлогтой иргэдэд зориулсан номын хүрэлцээг нэмэгдүүлэх зорилготой бүтээгдсэн юм. Энэ ном нь манай номын сангийн хүүхдийн уншлагын танхимын сонсдог номын хэсэгт байршина. Номын сангийн уншигчид маань ч талархалтай уншина.
Сургуулийн хүүхдүүдийн амралтын цаг үе болж байгаа ч гэлээ номын сангаар үйлчлүүлэх хүүхдүүд олон байна. Баяр наадмаас хойш 70 гаруй хүүхэд номын сангаар өдөр бүр үйлчлүүлж байна. Хүүхдийн уншлагын танхимыг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн тавилга, тоног төхөөрөмжөөр анх 2020 онд шинэчилсэн. Үүнээс хойш засвар үйлчилгээ тохижилтыг тогтмол хийж байна. Хүүхдийн уншлагын энэ танхимд хүүхэд өөрөө номоо сонгоод унших боломжтой нурууны түвшинд тохирсон номын тавиур, сандал ширээ, сонсдог ном болон цахим номын үйлчилгээг нэвтрүүлснээр уншигчдын тоо 60 орчим хувиар нэмэгдсэн. Өмнө нь хөгжлийн онцлогтой хүүхдүүд үйлчилгээ авахад багагүй хүндрэлтэй байдаг байсан.
Харин шинэ тоног төхөөрөмжтэй болсноор хүүхдийн танхим үйл ажиллагаагаа өргөтгөн хөгжлийн онцлогтой хүүхдүүдэд танин мэдэхүйн тусгай хөтөлбөрөөр сургалт, үйлчилгээг үзүүлж эхэлсэн нь уншигч, үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлжээ.
Хөгжлийн онцлогтой хүүхдүүдэд үлгэр сонсох цаг, зургаар өөрийгөө илэрхийлэх, уншсан номын тэмдэглэл хөтлөхийг хэрхэн хийх талаар манай номын санчид зааж өгдөг. Мөн танин мэдэхүйн номын танилцуулгыг хийж хөгжлийн онцлогтой хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй хамтран ажилладаг. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хамт манай үйлчилгээг долоо хоногт 2-3 удаа авч байна. Өнөөдрийн байдлаар хараагүй болон сул хараатай хүмүүст зориулан тэмтрэх үсгээр бичигдсэн брайль ном, сонсдог номуудын үйлчилгээг долоо хоногт 20 гаруй хүнд үзүүлж байна гэж Завхан аймгийн Төв номын сангаас мэдээлэв.
Хүүхдүүд сонсдог ном уншиж байна
Хүүхдийн уншлагын танхим