Дэлхий хүчтэй соронзон шуурганд өртөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-08-13 11:20:36

ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 13 /AFP/. Дэлхийг дайрч буй хүчтэй соронзон шуурганы нөлөөгөөр туйлын туяа шөнийн тэнгэрт ердийнхөөсөө өмнө зүгт үзэгдэх магадлалтай байна гэж АНУ-ын судлаачид мэдэгджээ


Дөрөвдүгээр түвшний соронзон шуурганы нөлөө орон нутгийн цагаар даваа гаргийн өглөөнөөс эхлэн ажиглагдсан гэж АНУ-ын Далай тэнгис, агаар мандал судлалын үндэсний газраас /NOAA/ мэдээллээ. Хүчтэй соронзон шуурганы нөлөөгөөр Алабама болон Калифорнийн хойд хэсэг зэрэгт туйлын туяа бүдэг үзэгдэх магадлалтай гэж уг мэдэгдэлд дурджээ. Наран дээр дэлбэрэлт болсноор Нарны плазм цацагддаг бөгөөд плазман үүл Дэлхийд хүрч ирснээр соронзон шуурга үүсдэг байна.   


“Одоогийн байдлаар маш олон туйлын туяа үүсээд байна. Хэрэв энэ нь шөнө болтол үргэлжилбэл бид заримыг нь харж магадгүй гэж Францын Кот д'Азурын ажиглалтын төвийн астрофизикч Эрик Лагадек Х хуудсандаа бичжээ. Түүнчлэн ням гарагт НАСА-гийн сансрын нисгэгч Мэттью Доминик өөрийн байрлаж буй Олон улсын сансрын станцаас авсан “Аврора бореалис буюу хойд туйлын туяаны гайхалтай зургийг X хуудсанд нийтэлсэн байна.


Гэвч Нарны дэлбэрэлт болон соронзон шуурга нь таагүй үр дагаврыг дагуулж болно. Тухайлбал, харилцаа холбооны үйлчилгээнд саатал үүсгэж, хиймэл дагуулын сүлжээг тасалдуулж, цахилгаан сүлжээнд хэт ачаалал үүсгэж болзошгүй юм. Иймд холбогдох операторуудад эдгээр нөлөөллийг хязгаарлах арга хэмжээ авахыг зөвлөсөн гэж NOAA мэдэгджээ.


Энэ оны тавдугаар сард манай гараг сүүлийн 20 жилд бүртгэгдээгүй хамгийн хүчтэй соронзон шуурганд өртсөн юм. Үүний нөлөөгөөр АНУ, Европ, Австралийн шөнийн тэнгэрт ердийнхөөс хамаагүй доогуур өргөрөгт туйлын туяа үзэгдэж байлаа. 11 жилийн мөчлөгийн дагуу Нарны идэвхжлийн оргил үе ойртож байгаатай холбоотойгоор сүүлийн үед ийм үзэгдлүүд ихсэх болжээ.

Холбоотой мэдээ