ДУНДГОВЬ: Хэвтээ босоогийн агуй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 9
гайхамшгийн нэг, байгалийн үзэсгэлэн бүрдсэн Цагаан суварга хайрханаас зүүн
тийш 7 километрт, намхан толгодын дунд Хэвтээ босоогийн агуй бий.
Энэ нь Улаанбаатар
хотоос 426, Мандалговь хотоос 156, Өлзийт сумаас 70 км зайд оршино. Агуйн урт
нь 50 метр үргэлжилдэг.
Агуй руу орохдоо
босоогоор орох хэмжээний өндөр бол цаашлах тутам намссаар гарч ирэхдээ мөлхөж
гардаг тул “Хэвтээ босоогийн агуй” хэмээн нэрлэсэн гэх. Уг агуй нь элэгдэл,
эвдрэлээс үүдэлтэй, үндсэн ганц хонгилтой бөгөөд салаа салбар байхгүй.
Цагаан суварга руу ирсэн хэн бүхэн Хэвтээ босоогийн агуйг очиж үздэг. Цагаан суварга бол гадаадын гэлтгүй дотоодын аялагчдын сэтгэлийг татахуйц, өвөрмөц, үзэсгэлэн бүрдсэн суварга юм.
Алсаас харахад энэхүү суварга
нь хот балгадын туурь, байшин барилга мэт сүндэрлэдэг бөгөөд нар мандахыг эндээс
харвал өнгө өнгийн солонгон дунд умбаж, эрт галвын үед очсон шиг тийм сайхан
мэдрэмж авдаг. Нутгийн иргэд Цагаан суваргыг “энергийн төв” ч гэж тодорхойлох
нь бий. Энд
жилдээ дунджаар 50,0 мянга гаруй жуулчин ирдэг.
Өлзийт сумын нутагт Цагаан
суваргыг зорьсон хэн бүхний нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээх үзэсгэлэнт газар олон
бий. Хөх цав, Дэл уулын хадны сүг зураг, бичээс, Нарийн өндөр хадан хавцал, Дөрөө
хангинах, Хонгор хайрхан зэрэг байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт
газруудыг дурдаж болно.
Цагаан суваргын ойролцоо Говь караван серай, Цагаан суварга, Говь хулан жуулчны бааз аялагчдыг хүлээн авч, үйлчилгээ үзүүлж байна.