ЗАВХАН: "Нүүдэлчин фестиваль"-д 40 гаруй өвлөн уламжлагч оролцож байна

ФОТО МЭДЭЭ
myagmarsuren@montsame.mn
2024-08-18 10:33:16

Улиастай, 2024 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймгаас "Нүүдэлчин фестиваль"-д 40 гаруй өвлөн уламжлагч оролцож байна. Тодруулбал, Ч.Чимэдбавуу мал маллах арга ухаан, ай савын сарлаг маллах арга ухааны тухай, өвлөн уламжлагч Б.Янжинхүү угийн бичиг хөтлөх, монгол тоглоом наадгай урлах ур ухааныг таниулан сурталчилж байгаа юм.


 Завхан аймгийн хэмжээнд нийт 533 өвлөн уламжлагч бүртгэлтэйгээс 40 гаруй нь уг фестивальд оролцож, соёлын биет бус өвийг олон нийтэд таниулж байна.


Түүнчлэн ай зан үй зэн дуунууд, хуримын ерөөл, язгуур урлагийн олон төрөл зүйл, сартуул бий биелгээ, ая аялгуу, морин хуурын татлага, нутгийн ардын уртын дуу, дарь эхийн бүжиг, 9 бурхны бүжиг болон уламжлалт гар урлал, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах эртний арга ухааныг отгийн үзүүлбэрээрээ сурталчилж байна. Завхан аймгийн отог өртөөгөөр зочилж, өв соёлтойгоо танилцах, үзүүлэн тоглолт үзэж сонирхох, соёлын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах, хүүхэд багачууд гэр бүлд зориулсан соёлын боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой гэж Завхан аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв.


“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ сарын 16-18-ны өдрүүдэд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Тайж хайрханы бэлд болж байна.

Соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд болж байгаа энэ наадамд Монгол Улсаас 880 өвлөн уламжлагч, 10 гаруй гадаадын улс орны 150 гаруй төлөөлөл оролцож байгаа аж.  

Мал маллах арга ухаан дээс томох уламжлалыг үзүүлж байна 


Завхан аймаг уртын дуу, түүнийг амилуулах дуучдаараа алдартай нутаг. Уртын дууны ая эгшигт тэнгэр хүртэл уярч хураа хайрладаг гэдэг. Учир нь уртын дууны уянга, яруу чанар, үнэ цэн хэмжээлшгүй билээ.


Уртын дууны үнэ цэнтэй өв уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх.

Өвлөн уламжлагчдаа олон нийтэд таниулах ажлыг Завхан аймаг бодлогоор дэмждэг


Оройн чимэг 33 бадаг уртын дууг Отгонтэнгэрийн нутагт оршин амьдардаг уугуул, суугуул 8000 орчим иргэн энэхүү уртын дууг бэлгэшээн дуулсаар, өвлүүлэн түгээсээр амнаас ам дамжин уянгалуулсаар явна.

Өвлөн уламжлагч МУСТА Р.Хашбат  


 Тээрэм бүхий үзүүлбэр. Завхан аймгийн говийн сумуудад суль, сулхирын гурилаа уламжлалт аргаар тээрэмддэг


Малынхаа арьс ширээр тоног хийх уламжлалыг үзүүлж байна


Өвлөн уламжлагч Б.Янжинхүү угийн бичиг хөтлөх, монгол тоглоом наадгай урлах ур ухааныг таниулав


Завхан аймгийн отог

Завхан аймаг хүүхэд залуучууддаа морин хуур хөгжмийг таниулах, уламжлуулах үйл ажиллагааг бодлогоор дэмждэг. Өдгөө аймгийн хэмжээнд 4600 гаруй хүүхэд залуучууд морин хуур хөгжмөөр хичээллэж байна