ОРХОН: Энэ хичээлийн жилд 25 мянга орчим сурагч сурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-08-20 11:29:56
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. 2024-2025 оны хичээлийн жилд Орхон аймагт 9211 хүүхэд  цэцэрлэгт, 25779 сурагч ерөнхий боловсролын сургуульд сурна.

Төрийн өмчийн 37 цэцэрлэгт  658 багш ажиллана. Энэ жил 2-5 насны 1658 хүүхэд цэцэрлэгт орохоор бүртгүүлжээ.

Ерөнхий боловсролын 25 сургуульд 1241 багш ажиллана. Нийт багшийн 31.5 хувь нь дунд, ахлах анги, 27.5 хувийг бага ангийн багш бүрдүүлж байна. Хорин таван сургуулийн 19 нь төрийн,  зургаан нь хувийнх  юм.  Эдгээрийн хоёр нь төрөлжсөн, нэг нь гүнзгийрүүлсэн, хоёр нь олон улсын хөтөлбөртэй, 20 нь ердийн сургууль юм.

Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид 2492 хүүхэд сурахаас цахимаар 39.4 хувь нь л бүртгүүлсэн гэж аймгийн БШУГ-ын дарга О.Ариунгэрэлт мэдээллээ.

Ерөнхий боловсролын сургууль гурван улирлын турш хичээллэнэ. Нэгдүгээр улирлын амралт бага анги  2024 оны 12 дугаар сарын 23-аас 2025 оны  1 сарын 17, дунд, ахлах анги 12 дугаар сарын 30-аас 1 сарын 17 хүртэл байна.

Хоёрдугаар улирлын амралт 2025 оны 3 дугаар сарын 31-ээс 4 дүгээр сарын 11, гуравдугаар улирлын амралт бага анги  6 дугаар сарын 9-өөс, дунд, ахлах анги  6 дугаар сарын 16 –аас 9 дүгээр сарын нэгэн хүртэл амрах юм.

Орхон аймагт “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болон түүний дэргэдэх Политехникийн коллеж,  Улаанбаатар Эрдэм их сургуулийн  салбар, Орхон аймаг дахь Политехникийн коллежид 917 оюутан сурна. 

Холбоотой мэдээ