Төв ба Өмнөд Европын уулзварт орших үзэсгэлэнт Словени орон

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-08-20 17:34:13

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Словени улс гэхээр хуучин нэрээр Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав улсын /ХБНСЮУ/ бүрэлдэхүүнд багтаж байсан орон гэдгээр нь социализмын үеийг туулж өнгөрүүлсэн ахмад үеийнхэн сайн мэднэ.


Альпийн нурууны өндөр уулсын дунд орших үзэсгэлэнт нуурууд, тэгш тал, өтгөн шигүү ой модтой, Адриатын тэнгисийн эрэгт орших Балканы хойгийн Словени хэмээх энэ улс зочломтгой найрсаг ард иргэд, үзэсгэлэнт байгаль, өндөр хөгжсөн зам тээврийн сүлжээ, амарч аялах олон сонголтыг санал болгодог гэдгээрээ Европ тив дэх аялал жуулчлалын чухал нэгэн цэг болжээ. Мөн улс төр, эдийн засгийн байдал нь маш тогтвортой гэдгээрээ хөрш улсуудаасаа ялгарах бөгөөд нам гүм амгалан тайван хэрнээ хүмүүсийг хэзээ ч уйдаахгүй, үзэж харах зүйл ихтэй газар болой.


Словени нь Югославын бүрэлдэхүүнд байсан бусад улсаас эдийн засгийн хувьд харьцангуй илүү өндөр хөгжилтэй, улс төрийн хувьд илүү либерал байсан тул үүнээс үүдэн 1980-аад оны дунд үеэс улс төрийн эрх чөлөө, олон ургальч үзлийн үндэс суурь тавигдаж эхэлжээ. Ийм учраас төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үйл явц энэ улсад харьцангуй зовиур багатай явагджээ. Өдгөө эдийн засаг нь эрчимтэй хөгжиж, хуучин социалист орнуудын дотроос нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээгээр /30 мянга доллар/ Чехийн дараа орж, цалингийн доод хэмжээ 1000 орчим еврод хүрчээ.


Төв ба Өмнөд Европын уулзварт орших энэ улсын нутаг дэвсгэр нь 20 мянга гаруй хав.дөр.км хэмжээтэй ба 2,1 сая хүн амтай, үүнээс 80 хувь нь словенчүүд, үлдсэн 20 хувийг нь сербчүүд, хорватчууд, македончууд, босничууд, италичууд бүрдүүлдэг.


Серби, Хорват, Босни-Херцеговина улсуудаас ялгаатай нь гэвэл, Словени улс Югославын холбоо задрах үед дэгдсэн иргэний дайнд харьцангуй бага өртөж, бараг цус урсгалгүйгээр шинэ нийгмийн тогтолцоонд шилжсэн юм. Тухайн үед Словенид үндэстэн хоорондын мөргөлдөөн дэгдээгүй нь бусад үндэстэн ястны эзлэх хувь цөөн байсантай холбоотой. Мөн Барууны орнууд словеничуудын тусгаар тогтнох эрмэлзлийг идэвхтэй дэмжиж байсан нь нөлөөлжээ. 


Ингээд социалист орнуудын дотроос хамгийн түрүүнд буюу 2007 оны 1 дүгээр сарын 1-нд Словени улс Европын нэгдсэн валют болох еврод шилжсэн бол 2004 онд Европын Холбоо ба НАТО-д гишүүнээр элсжээ.

 

Словенийн товч түүх


Эрт дээр үед Словенийн газар нутагт Норикийн хаант улс оршин тогтнож байсан бөгөөд энэ улсад кельтүүд, иллиричүүд амьдардаг байв. Улмаар МЭӨ II зуунд Эртний Ромын эзэнт гүрний захиргаанд оржээ.


Словеничуудын өвөг дээдэс болох славянчууд энэ газар нутагт МЭ VI зуунд ирж суурьшсан бол VII зуунд анхны славян улсуудын нэг болох Карантания, дараа нь Блатены хаант улс байгуулагдсан байна. 


Эхний мянган жилд ч, Дунд зууны үед ч, нэн шинэ түүхийн үед ч Словенийн газар нутаг суурьшигсад ихээхэн зовлон зүдгүүрийг даван туулсаар иржээ. Хүчирхэг хөршүүд нь газар нутгийг булаан эзэлж байсан тул эрх чөлөөнд тэмүүлсэн жижигхэн ард түмэн хэдэн зууны туршид тусгаар тогтнох, улс үндэстнээ нэгдмэл байлгахын төлөө тэмцсээр ирсэн юм. Энэ үед эртний герман угсааны франкуудын омгууд, Австри-Унгарын хаант улсын эрхшээлд орж,  30 жилийн дайны хөлд нэрвэгдэж байлаа.


18 дугаар зуун бол Словенийн Сэргэлтийн үе бөгөөд аж ахуйн үйл ажиллагаа идэвхжиж, соён гэгээрүүлэх хөдөлгөөн өрнөв. Гэвч XX зуунд дэгдсэн дэлхийн хоёр дайны улмаас Словенийн газар нутаг хуваагдан бутрав. Нэг хэсэг нь Италийн бүрэлдэхүүнд орсон бол зарим хэсгийг нь германчууд эзлэн авч, үлдсэн газар нутаг нь Югославын Хаант улсын мэдэлд, улмаар ХБНЮУ-ын бүрэлдэхүүнд оржээ.   

Нийслэл Любляна хот 

Хожим нь Югославын холбоо задрах үед 1990-ээд оны эхээр дэгдсэн дайны хөлд нэрвэгдэж байлаа. Брионы хэлэлцээрийн дагуу Югославын цэрэг Словениос гарч явснаар 1991 оны 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 7 хүртэл үргэлжилсэн 10 хоногийн дайн дууссан юм. 


1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Словенийн Үндсэн хуулийг баталснаар оны эхээр болсон бүх нийтийн санал асуулгын дүн баталгаажлаа. Санал асуулгаар Словенийн иргэдийн 90 хувь нь ХБНЮУ-аас салж тусгаар тогтнохыг дэмжсэн байна.


Тус улс засаг захиргааны 210 нэгж буюу общинад хуваагддаг ба албан ёсны хэл нь словени хэл. Үүний сацуу зарим бүс нутагт итали, унгар, цыган хэлийг албан ёсных болгон хүлээн зөвшөөрдөг байна. Хотын ба хөдөөний хүн амын тоо үндсэндээ тэнцүү.

 

Эдийн засаг


Югославын бүрэлдэхүүнд байсан улсуудын дотроос Словени улс эдийн засгийн хувьд хамгийн өндөр хөгжилтэй байсан бөгөөд Европын Холбоонд хамгийн түрүүнд элссэн гэдгийг дээр дурдсан. Өдгөө тус улсын худалдааны эргэлтийн 2/3 нь ЕХ-ны гишүүн орнуудад ногдож байна. 

Словенийн эдийн засгийг түүчээлэгч гол компаниуд бол төрийн мэдэлд байдаг газрын тосны Petrol компани, Рено-Клио загварын автомашин үйлдвэрлэгч Revoz үйлдвэр, нунтаг металлургийн салбарын UNIOR групп, Копер хот дахь тэнгисийн боомт, “Кршко” атомын цахилгаан станц юм. Хөдөлмөр эрхлэгч иргэдийн талаас дээш хувь нь үйлчилгээний салбарт, харин ердөө 5 гаруй хувь нь хөдөө аж ахуй, ой модны салбарт ажилладаг байна.


Словенийн засгийн газрын стратегийн төлөвлөгөөнд дурдсанаар, эрчим хүчний хэмнэлттэй технологийг хөгжүүлж, инженерчлэлийн шинэ ололтуудыг нэвтрүүлэх, суурь машины ба эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, шинэ төрлийн машин, тоног төхөөрөмжүүдийг зохион бүтээх, эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх явдлыг эн тэргүүний зорилтууд болгон дэвшүүлжээ. Иргэдийн амьдралын чанарыг бүх үзүүлэлтээр дээшлүүлэхийн зэрэгцээ хүн амын тоог өсгөх зорилтыг мөн тавьсан байна. Ингэснээр эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтээр Европын Холбооны хүрээнд дунджаас давсан түвшинд хүрэх зорилго биелэх юм.  

 

Соёл


Словен хэл бол өмнөд славян хэлнүүдийн нэг боловч латин цагаан толгойн үсэгтэй гэдгээрээ онцлог. Хэдийгээр үндэс язгуур нь ижил боловч словен хэл нь сербүүд, хорватуудын ярьдаг хэлнээс нэлээд ялгаатай, олон аялгатай бөгөөд итали, унгар хэлнээс зээлдсэн үг хэллэг цөөнгүй бий.  


Словен хэл дээр нийтлэгдсэн хамгийн эрт үеийн бичгийн дурсгал нь 10 дугаар зуунд хамаарах бөгөөд Мюнхен хотын улсын архивт хадгалагдаж байдаг. Словен хэл дээрх анхны номыг Примож Трубадур 1550 онд зохиож хэвлүүлжээ. Харин хамгийн алдартай яруу найрагч, зохиолч бол Словенийн утга зохиолыг үндэслэгч Френце Прешерн /1800-1849/ бөгөөд энэ хүн Словенийн төрийн дууллын үгийг зохиожээ. Түүний нас барсан өдөр буюу хоёрдугаар сарын 8-ны өдрийг Словенийн соёлын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан соёл урлагийн салбарт хамгийн өндөр амжилт гаргасан уран бүтээлчдэд Прешерний нэрэмжит шагналыг гардуулдаг ажээ.


Ташрамд дурдахад, Европын хамгийн том их сургуулиудын нэг, 1919 онд байгуулсан Люблянагийн их сургуульд 60 гаруй мянган оюутан суралцдаг байна. Мөн дэлхийн I дайнаас өмнө Словенийн бүх иргэн бичиг үсэгт тайлагдсан байжээ. 

 

Нам бус эмэгтэй ерөнхийлөгч 


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар энэ өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийж байна.


Аль ч улс төрийн намд харьяалагддаггүй, өмгөөлөгч мэргэжилтэй, сэтгүүлчээр ажиллаж байсан, нийгмийн зүтгэлтэн Наташа Пирц-Мусар Словени улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон нь ард иргэдийн санаанд тун ихээр нийцжээ.


Наташа Пирц-Мусар 1968 онд Любляна хотод жирийн ажилчны гэр бүлд төржээ. Дунд сургууль, Люблянагийн их сургуулийн хуулийн ангийг төгссөн тэрбээр оюутан байхдаа сэтгүүл зүйг сонирхож, Pop TV телевизийн мэдээний хөтлөгчөөр ажиллаж, сонин сэтгүүлд өгүүлэл бичиж байв. Чухамдаа сэтгүүлчээр ажилласан нь өөрт нь нэр хүндийг авчирч, ард иргэдэд тулгарч буй асуудлуудыг ойлгоход нь тусалсан гэж Пирц-Мусар ярьдаг.


Сэтгүүлчийн ажлаа орхисон Наташа өмгөөлөгчийн замналаа эхлүүлж, Aktiva Group гэдэг Словенийн хамгийн том хувийн хэвшлийн санхүүгийн корпорац, мөн Дээд шүүхэд ажиллаж байгаад 2015 онд Pirc Musar гэдэг өмгөөллийн фирмээ нээжээ. 


Ирээдүйн төрийн тэргүүн тэрбээр өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эрх, хүний эрхийн асуудлаар дагнаж байв. Үүний зэрэгцээ 20 гаруй жилийн туршид гадаад орнууд, олон улсын байгууллагуудад ажилласан бөгөөд ингэхдээ Европолын хяналтын байгууллагыг удирдаж, Черногор, Серб, Украинд хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулахад оролцож, хөгжиж буй орнуудын шүүгчдэд зориулан сургалт зохион байгуулж байлаа.


Түүнчлэн Эдвард Сноудены хэрэг илэрсний дараа Европын Холбооны гишүүн орнуудын иргэдийн хувийн мэдээллийг АНУ хууль бусаар ашиглаж байсан гэх дуулиан дэгдэж, үүнийг шалгах ЕХ-АНУ-ын хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Пирц Мусар оролцож байв.

 

Улс төрд орж ирсэн нь


Нам бус нэр дэвшигчийн хувиар ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон  Пирц Мусар “Иргэн бүрийнхээ ерөнхийлөгч нь байж чадна” гэдгээ амлаж байлаа.

Ахмад настнууд нь хэрэгцээт зүйлээр хангагдсан, тэдний дуу хоолойг сонсдог, харин залуучууд нь гадаад руу явахыг хүсдэггүй тийм Словени орныг бий болгох нь миний хувьд хамгийн чухал гэж Пирц-Мусар сонгуулийн сурталчилгааны үеэр ярьж байсан нь сонгогчдын талархлыг хүлээсэн байна.


Улс төрийн намд хэзээ ч элсэж байгаагүй Наташа Пирц Мусар Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан оролцохоо мэдэгдсэнийхээ дараа ярилцлага өгөхдөө, "Дараагийн сонгуульд ялахын тулд бус харин хойч үеийнхний төлөө ажилладаг төрийн зүтгэлтэн Словенид хэрэгтэй” гэж байв.


Словенийн Ерөнхийлөгч нь Зэвсэгт хүчний ерөнхий дээд командлагчийн үүргийг гүйцэтгэдэг, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, парламентын доод танхимын сонгуулийн товыг тогтоох эрх мэдэлтэйгээс гадна төрийн тэргүүн зөвшөөрч гарын үсэг зурснаар парламентын баталсан хуулиуд хүчин төгөлдөр болдог. 

Холбоотой мэдээ