СЭЛЭНГЭ: Ерөөгийн халуун рашаан 42 хэмийн дулаантай

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2024-08-28 11:06:23

Сүхбаатар, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн түүх соёлын үл хөдлөх өв, дурсгалт газрын нэг бол Ерөөгийн халуун рашаан.

 

Энэхүү рашаан нь Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ сумдын нутгийн заагт, Ерөө голын эхний цутгал болох давчуу битүү ойгоор урсах “Ар илчлэх”-ийн голын дунд хэсэгт оршдог.

 

1150 метрийн өндөрт орших карбонат натрийн төрлийн халуун устай рашаан гэдгээрээ эмчилгээний давуу чанар сайтай юм.

 

Рашааны усны халуун нь дунджаар 35-45 хэмийн хооронд хэлбэлзэх бөгөөд Онон, Естийн халуун рашааны нэгэн төрөл рашаан юм.

 

Халуун рашаан нь гурван хэсгээс бүрдэнэ. Хамгийн бага нь 39 хэмтэй, шаварлаг. Дараагийн хэсэг нь чулуун суурь бүхий дөрвөн хүн хэвтээгээр багтах хэмжээтэй, 40 хэмээс арай илүү.

 

Хамгийн халуун буюу гурав дахь хэсэг нь 42 орчим хэмтэй. Эдгээр хэсгүүд нь хоорондоо хэдхэн алхмын зайтай байрладаг.


Ерөөгийн халуун рашаан нь элэг, цөс, ходоодны эмчилгээнд нэн тустай гэдэг.

 

Тус халуун рашаан нь Улаанбаатар хотоос Монгол Улсын хамгийн том сум Сэлэнгэ аймгийн Мандал буюу Зүүнхараа хот хүртэл 190 км зайд. Цаашаа Зүүнхараагаас Хонин нуга /өвөл гол хөлдсөн үед голоор явах/ эсвэл Уртын даваа, Хатангийн даваа, Ерөө гол, Шарлангийн голын гарам, Шарлангийн гол, Арижлахийн гол зэргээр 50 км явж рашаанд хүрнэ.

 

Холбоотой мэдээ