БАЯНХОНГОР: Туршилт судалгааны үзүүлэх суурин байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-08-30 08:27:19

Баянхонгор, 2024 оны наймдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Мод тарих, цөлжилтийн мониторинг хийх, ногоон хөгжлийн туршилт судалгааны үзүүлэх суурин байгуулах чиглэлээр Монгол Улс, БНХАУ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.


Энэ сууринг Баянхонгор болон Говьсүмбэр аймагт байгуулахаар төлөвлөж, тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нартай мөн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.


ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Газарзүйн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн судалгааны хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэх тус ажил БНХАУ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах ногоон хөгжлийн сангийн Ногоон хэлхээ олон улсын хамтын ажиллагааны сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ. 


Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах үеэр туршилт судалгааны үзүүлэх суурингийн ач холбогдол, хүлээгдэж буй үр дүн, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулахад оруулах хувь нэмрийн талаар талууд хэлэлцсэн байна. Мөн Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Содномсамдан, Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ нар цөлжилт, газрын доройтлын өнөөгийн нөхцөл байдал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өрнүүлж буй үйл ажиллагааны талаар нийт оролцогчид мэдээлэл хүргэлээ. Мөн тус туршилт судалгааны үзүүлэх сууринг цөлжилт, газрын доройтолд ихээр өртсөн тус аймгуудад байгуулж, хамтран ажиллах болсонд талархал илэрхийлэв.


Туршилт судалгааны үзүүлэх сууринд экологийн хамгаалалт, салхи, элсний нүүдлийн туршилт судалгаа хийх, бусад ижил төстэй бүс нутагт хэрэгжүүлэх боломжтой загвар боловсруулах, олон улсын экологийн хамгааллын хамтын ажиллагаа, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, экологийн боловсрол олгох, мод тарих, хүрээлэн буй орчныг хамгаалах үйл ажиллагаа зохион байгуулахөөр төлөвлөжээ. 


Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тус суурингийн туршилтын үйл ажиллагааг гардан гүйцэтгэх, тогтвортой явуулах, хүн, малын нөлөөлөл, байгалийн гамшгаас сэргийлэх арга хэмжээ авах зэрэг ажлыг ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн гүйцэтгэх юм. 

Холбоотой мэдээ