ДОРНОГОВЬ: Эндрюсийн илрүүлсэн Эргэлийн зоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны наймдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаас онцолж байна. Хатанбулаг сумын нутагт орших Эргэлийн зоо буюу элсэн говь дахь байгалийн онцлог тогтоц бүхий хайрхныг анх 1922-1923 онд Төв Азийн экспедиц буюу АНУ-ын Нью-Иоркийн байгалийн түүхийн музейн Рой Чапмен Эндрюсийн удирдсан экспедиц эртний хөхтөн амьтны өлгий болохыг нээсэн түүхтэй.
Урт нь 60 гаруй, өргөн нь 20 орчим км үргэлжилсэн элсэн чулуун тарамцаг /цав/ бөгөөд палентологийн ховор олдвор хадгалсан эртний нуур, далайн хурдас газар юм. Хурдас нь улаан, цагаавтар, ногоон өнгөтэй бөгөөд хатуу конгломерат шаврын үеүдээс тогтоно.
Эрдэмтэн,
судлаачид, жуулчдын бичиж үлдээснээр Эргэлийн зоог Ардын овоо, Новожиловын
толгод, Сэвхүүл худаг, Их өлзийт, Амар өлзийт, Аман ус, Баянцав, Шаваг, Алтан
овоо гэж олон янзаар нэрлэсэн байдаг. Эндрюсийн удирдсан баг хирс дүрст эртний хөхтөн
амьтан, аварга том яст мэлхий зэргийн ясан өндөг мэтийг олж Ардын овооны гэрэл
зургийг анх олон улсад мэдээлжээ.
1946-1948
онд Зөвлөлтийн, 1970-1974 онд Зөвлөлт-Монголын, 1990-ээд онд Монгол-АНУ-ын,
Монгол-Японы палентологичид малталт
судалгаа хийж байв.
Эдгээрээс 1948 онд Оросын эрдэмтэн И.А.Ефремов нарын олсон хирсний, яст мэлхийн хуяг мэт үзмэр Монголын байгаль түүхийн музейн үнэт үзмэр болсон. Эргэлийн зоонд 60 орчим зүйлийн модлог болон өвслөг ургамал ургадаг, малын сайхан бэлчээртэйгээс гадна зоог тойрч 30 гаруй худаг, 50 орчим бууц, өвөлжөө байсан гэдэг.
Энд үржил шимт бударгана, суль, агь, таана, хөмүүл, ерхөг, алтан харгана, шарилж, тэсэг ургахаас гадна аргаль, хулан, хар сүүлт, шилүүс, чоно, үнэг, хярс, дорго зэрэг ан амьтан бүргэд, ятуу, шонхор, ногтруу, элээ, ууль, сар зэрэг ховор шувууд ч нутагладаг.
Монгол Улсын Их Хурлын 1996 оны 43 дугаар тогтоолоор 60910 га талбай бүхий
Эргэлийн зоогийн орчмын газрыг улсын тусгай хамгаалалттай нөөц газарт бүртгэн
хамгаалжээ.