ДАРХАН-УУЛ: "Боловсрол-2032" хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-08-30 19:05:00

Дархан, 2024 оны наймдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Жил бүр хичээлийн шинэ жилийн өмнө аймгийн багш нарын бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдөр уг хурал болж, боловсролын салбарын ололт амжилт, цаашдын бодлого үйл ажиллагаа, хичээлийн шинэ жилийн зорилго зорилтоо хэлэлцэхээр чууллаа.




Багш нарын бага хурлын үеэр БШУЯ-наас гаргасан 2024-2025 оны хичээлийн жилийн зорилго зорилтыг БШУГ-ын дарга Л.Буянтогтох танилцууллаа. Үүнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн эзэмших чадварыг хөгжүүлэхэд бүх талын оролцоо, хамтын ажиллагааг хангаж хичээл, сургалтын үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах зорилгын хүрээнд 12 зорилтыг дэвшүүлсэн байна.


Дархан-Уул аймаг "Боловсрол-2032" хөтөлбөрийн хүрээнд энэ онд "Оюуны-Ирээдүй цогцолборын Б байрны биеийн тамирын талбайн тохижилт, "Од" сургуулийн авто замын өргөтгөл, 56 суудалтай сурагчдын дөрвөн шинэ автобус, 960 болон 320 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн байр, 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулж буйг тодотголоо.

Ингэснээр сургуулийн хүчин чадал 1280, цэцэрлэгийн орны тоо 100 хүүхдийн хүчин чадлаар нэмэгдсэн онцлогтой хичээлийн жил эхэлж байна.






Аймаг орон нутгийн зүгээс зөвхөн улсын төсвийг хөрөнгө оруулалтаар бус орон нутгийн нөөц бололцоонд тулгуурлан "Боловсрол-2032" хөтөлбөрийг үргэлжлүүлэн багш, сурагчдын сурах орчин нөхцөлийг сайжруулан ажиллана гэж аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат хэлсэн үгэндээ онцоллоо.




2024-2025 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн ЕБ-ын 26 сургуульд 25996 сурагч, 42 цэцэрлэгт 8270 хүүхэд сурна. Нийт ЕБС-д 1283 багш, СӨББ-д 600 гаруй ахлах болон туслах багш боловсролын үйлчилгээ үзүүлнэ.

 

Холбоотой мэдээ