Ц.Цэрэндулам: Маркетингийн менежер мэргэжилтэй ч мал маллангаа зүү ороох хатгамал урладаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024
оны наймдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монголын биет бус соёлын өвийн нэг төрөл
болох уран хатгамал, тэр дотроо зүү ороох урлалыг залуу эмэгтэйчүүд сурах,
түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй болж байна.
Тэдний нэг нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн малчин Ц.Цэрэндулам юм. Анх 9 дүгээр ангид байхдаа багшаараа заалгаж байсан зүү ороох хатгамлыг өөрийн сонирхлоор хөгжүүлж, 20 гаруй даалин, 10 гаруй хавтага, толгойн гоёл, тоорцог малгай, хос бүс зэргийг урлаад байна.
Мөн аав, ээжийнх нь удамд уран, дархан
хүмүүс олон байсан, өөрийн төрсөн эгч, дүүсийг ч үйл мэтгэхдээ чадамгай,
нэгэндээ зааж зөвлөдөг гэж байв. Тэрбээр их сургуулийг маркетингийн менежер
мэргэжлээр төгссөн ч аав, ээжийн мал маллах арга ухааныг өвлөн ажиллаж, чөлөөтэй цагаараа гар урлалын бүтээлүүд оёж захиалгаар зах зээлд нийлүүлж байна.
Одоогоор зүү ороосон тоорцог малгай урлаж байгаа бол ойрын хугацаанд хос монгол гутал оёх төлөвлөгөөтэй байгаа аж.
Монгол эмэгтэйн ахуй амьдралаас урган
гарч, он цагийг туулан ирсэн энэ урлал хээ хуар, хэлбэр өнгөний хувьд
шинэчлэгдэн хөгжиж байна. Нөгөө талаар техник технологи нэмэгдэхийн хэрээр зүү ороох хатгамлын үнэ цэн нэмэгдэж, монголчуудын бусад улс орноос онцгойрох нэгэн өв соёл болж байгаа юм.
Түүнчлэн уран хатгамлыг эмэгтэйчүүдийн ур ухаан, оюуны чадамжийн илэрхийлэл хэмээдэг. Нарийн, төвөгтэй хэрнээ уран гоёмсог энэ урлалыг бүтээхэд нүдний, гарын, сэтгэлийн ураас гадна тэсвэр тэвчээр их шаарддаг болохыг Ц.Цэрэндулам ярилаа.