БАЯН-ӨЛГИЙ: Аврагчдын алдрыг мөнхжүүлэх зорилгоор гэрэлт гудамж тохижуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн баярыг угтан Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид санаачилга гаргаж Өлгий хотон нэгэн гудамжийг гэрэлт гудамж болгон тохижууллаа. Тус гудамжийг Өлгий сумын ИТХ-ын 2023 оны 32 дугаар тогтоолоор "Аврагч гудамж" хэмээн нэрлэх шийдвэр гаргасан билээ.
Дээрх ажил нь онцгой байдлын байгууллагад ажиллаж байсан үе үеийн аврагч, гал сөнөөгчдийн алдрыг мөнхжүүлэх, салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилготой.
Аврагч гудамж нь 120 метр урт бөгөөд тохижилтын ажлын хүрээнд гэрэлтүүлгээс гадна явган хүний зам тавьсан байна. Мөн хөшөөний эхлэл хэсэгт “Аврагчийн хөшөө”-г босгов. Холбогдох санхүүжилтийг орон нутгийн төсвийн дэмжлэг, аймгийн Онцгой байдлын газрын дотоод нөөц боломжоор шийдвэрлэжээ.
Тухайн бүтээн байгуулалтын ажил нь аврагч, гал сөнөөгчдийн алдрыг мөнхжүүлэхээс гадна аймгийн төвийн өнгө үзэмжийг сайжруулж, иргэдийн амарч зугаалах газруудын нэг болсноороо онцлогтой болж байна.