БАЯНХОНГОР: Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-09-02 14:03:59

Баянхонгор 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой комиссын 11 дүгээр хуралдаан боллоо.


Тус хурлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Эрүүл мэндийн газар, Боловсрол шинжлэх ухааны газраас авч хэрэгжүүлж байгаа ажлыг авч хэлэлцэв. Мөн аймгийн 2024-2025 оны хөдөө аж ахуйн болон төв суурин газрын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явц, төлөвлөлтийн талаарх мэдээллийг тус тус сонсож үүрэг чиглэл өглөө.


2024-2025 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцөд анхаарах, сум, сургуулийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг мэдээллээр хангах, чадавхжуулах, сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулахыг зохих албадад үүрэг болгов.


Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангах, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу сумдад өвс, тэжээлийг тогтоосон тоо хэмжээнд бэлтгэх, малчдад өвлийн бэлтгэлийг эртнээс хангах талаар болон бусад ажлын талаар аймгийн Онцгой комиссын гишүүдэд холбогдох үүрэг чиглэлийг өгсөн байна.


Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын тооцоолол гаргасан. Тооцооллоор Баянхонгор аймгийн ихэнх сум бэлчээрийн даац хэтэрч гарсан бөгөөд олон дахин хэтэрч (улаан) гарсан сумд ч байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баацагаан, Бөмбөгөр сумын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарсан бол Галуут, Баянговь, Баянлиг сум олон дахин хэтэрчээ. 


Бэлчээрийн даац нь тухайн газар нутгийн бэлчээрт бэлчээж болох эсвэл бэлчээрийн нөөцөөс хэтэрсэн малын тоог илтгэж байгаа үзүүлэлт юм. Нөхцөл байдалтай холбогдуулж аймаг, сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог цөөлөх зэрэг ажлыг эртнээс авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ