ДАРХАН-УУЛ: Орхон суманд 480 хүүхдийн багтаамжтай сургуулийг 2026 онд ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-09-02 16:13:25

Дархан, 2024 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Улсын тэргүүний Орхон суманд 480 хүүхдийн багтаамжтай сургуулийн шав тавих ёслол боллоо.


"Боловсрол-2032" хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 11.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барих уг сургуулийг 2026 оны наймдугаар сард ашиглалтад оруулна.




Гадна талдаа 3668 м.кв ашигтай талбайтай, металл фасадтай, тусдаа уурын зуух, урлаг, спортын стандартад нийцсэн заал, багш, ажилтнуудад зориулсан халуун усны газар, хөлбөмбөг, гар бөмбөгийн талбайтай байхаар зурагт тусгажээ.


Барилга угсралтын ажил гурван жилийн хугацаанд үргэлжилнэ гэж гүйцэтгэгч “Тэнгэрийн тэмдэг” ХХК-ийн төлөөлөл мэдэгдлээ.


Шав тавих ёслолд аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Орхон сумын ИТХ-ын дарга Б.Алтансарнай, Засаг дарга Б.Түмэнцогт нар болон багш, сурагч, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.


Тус сумын ЕБС-ийн барилга 1992 онд ашиглалтад орж, өнөөдрийг хүртэлх хугацаанд их засварт ороогүй, урсгал засвар хийсэн гэж сургуулийн захирал Г.Ихбаяр онцлов.











Ташрамд, Орхон сумын ЕБС 30 багш, 22 ажилтантай, 12 бүлэгт 400 гаруй хүүхэд суралцаж байна. Багшлах боловсон хүчний 50 гаруй хувь нь арваас доош жил ажиллаж буй залуу багш нартай. Сургууль ашиглалтад орсноор хил залгаа Сэлэнгэ аймгийн сумдын хүүхдүүд суралцах боломжтой болох юм.


Холбоотой мэдээ