БАЯНХОНГОР: Хамтарсан хяналт шалгалт ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд "Хууль бус ан агнуур болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх" нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж, Баянхонгор сумын постуудад хөдөлгөөнт эргүүл гарч, хяналт шалгалт хийж байна.
Баянхонгор сумын ЗДТГ-ын Байгаль орчны тасаг, Баянхонгор сумын ЗДТГ-ын Мал эмнэлгийн тасаг, Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зоонозын төвийн ажилтан, албан хаагчид эргүүлд гарч, байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт өвчин гарах, халдвар гарсан тохиолдолд халдварыг зөөгдөн орохоос урьдчилан сэргийлж байна.
Хяналт шалгалт 10 дугаар сарын 15–ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалын дагуу тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглосон байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” 260 дугаар тогтоолын дагуу амьтныг эр, эм, төл гэж ялгалгүй бодгалиар нь үнэлсэн байна. Тарвага агнасан тохиолдолд нэг бодгаль тарваганы экологи-эдийн засгийн үнэлгээ 410 мянган төгрөг ба түүнийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг нөхөн төлбөр ноогдуулна хэмээн заажээ.