БАЯНХОНГОР: СӨБ-ын хамран сургалт 90 хувьд хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. 2024-2025 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 43 байгууллагад 7000 сурч хүмүүжиж байна.
Энэ онд 900 гаруй хоёр настан цэцэрлэгийн бага бүлэгт элсэн орсноор СӨБ-ын хамран сургалт 90 орчим хувьд хүрчээ. Тэгвэл сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 200 гаруй багш ажиллаж байгаа нь багшийн хангалт 98 хувьтай байгаа дүн юм.
Хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдүүдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагааны сургалтын байгууллага болох цэцэрлэгүүд бага насны хүүхдийн мэдлэгийн хүрээг өргөтгөх, ярианы хэл ба сэтгэхүйг хөгжүүлэх, эрүүл ахуйн энгийн дадал чадвар олгож сургуульд бэлтгэхээр ажиллаж байна.
Улсын хэмжээнд анхны гэж тооцогдох цэцэрлэг 1923 оны дөрөвдүгээр сарын 8-нд Нийслэл хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотод нээгдэж байжээ. Харин Монгол Улсын хөдөө орон нутаг дахь анхны цэцэрлэг 1929 онд Баянзүрх уулын хошуу буюу одоогийн Баянхонгор аймгийн төвд байгуулж байсан байна. Тус цэцэрлэг нь 10 ханатай гэрт байрлаж байсан бөгөөд 30 хүүхэдтэйгээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.