БАЯН-ӨЛГИЙ: Энэ намар 66.1 мянган тонн хадлан бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-09-04 10:44:13

Өлгий, 2024 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 660 дугаар захирамжаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сум бүрийн бүрдүүлэх өвс тэжээлийн аюулгүйн нөөц, бэлтгэх хадлан, тэжээлийн доод хэмжээг баталсан.


Төлөвлөгөө ёсоор энэ намар 66.1 мянган тон хадлан, 8155 тонн гар тэжээл бэлтгэхийг зорьж байгаа. Мөн сум бүр 30 тонн өвс, 30 тонн тэжээл, аймаг 100 тонн өвс, 35 тонн тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлнэ. Үүнээс одоогийн байдлаар малчдын түвшинд 46.5 мянган тонн хадлан, 2078 тонн гар тэжээл бэлтгээд байна.


Тус аймагт уулын хадлан өнгөрсөн сарын 1-нээс, голын хадлан 15-наас эхэлсэн ба өвөлжилтийн бэлтгэл хангах ажил үргэлжилж байгаа. Энэ жил бүх сумын нутгаар өвс ногооны гарц сайн байгаа тул хадлангийн төлөвлөгөөг бүрэн биелүүлэх боломжтой хэмээн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар үзэж байна.


Ташрамд, Баян-Өлгий аймаг өнгөрсөн онд 65.3 мянган тонн өвс бэлтгэхээр төлөвлөснөөс оны эцсийн гүйцэтгэлээр төлөвлөгөөгөө 12.2 мянган тонноор давуулан биелүүлж байв. 

Холбоотой мэдээ