БАЯНХОНГОР: Баянцагааны нуруу Явуут, Наран, Бага амны зэрэг рашаан булгуудтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутагт орших Баянцагааны нуруу нь Говь-Алтайн нурууны хамгийн баруун (з.у 980 х.ө450) захад, 50 орчим километр үргэлжилдэг нутгийн иргэдийн шүтлэгт хайрхан.
Ар хажуу руу нь Бор гол, Цагаан бургасны гол зэрэг хэд хэдэн гол, өвөр болон зүүн хажуу руу нь Баруун салаа, Баянсайр, Жаргалант, Холбоо зэрэг жижиг гол буух ба өвөр хормойгоос олон тооны жижиг булаг шанд урсдаг онцлогтой. Уулын зоо, өвөр бэлүүдээс ундарсан Явуут, Наран, Бага амны зэрэг рашаан булгуудтай. Баянцагаан уулан дахь Явуутын рашааныг ходоод, элэг, цөсний өвчинд олон жил ууж хэрэглэж иржээ.
Явуутын рашааныг түшиглэн Бэлийн нарангийн суварга, Баянцагаан уулан дахь Хатан ноёны бунхан, Хүнгэнэхийн амны том хиргисүүр, Адгийн хөшөөгийн цэрэг хөшөө, Алаг бунхан, Бага амны сүмийн туурь зэрэг түүхийн дурсгалт газар, Цагаан бургас, Дөрөө шуудаг, Шар мухрын хүрхрээ зэрэг байгалийн үзэсгэлэнт газарт амралт, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үздэг.
Уулын хамгийн өндөр цэг нь Талхын орой д.т.д 3452м бөгөөд 1957 оны Их Богдод болсон газар хөдлөлтийн ан цав энэ ууланд хүрсэн байдаг.
Баянхонгор аймгийн Баянцагаан сум нь Улаанбаатар хотоос 960 км, аймгийн төвөөс 247 км-т оршдог, аймгийнхаа тал хээрийн бүсийн төв юм. Баянцагаан сумын нутагт нэн ховор амьтан болох аргаль, янгир, ирвэс, хар сүүлт мөн ан агнуурын зориулалтаар ашиглаж болох чоно, үнэг, хярс, мануул, тарвага, туулай элбэг тохиолдоно. Таван салаа, царван, зээргэнэ, зэрлэг цахилдаг, алтан гагнуур, гоёо, соорол зэрэг ургамал аль ч уул тал, хөндийд элбэг.