БАЯНХОНГОР: 7500 дэгдээхэйг өндөглөгч тахиагаар торниулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Өлзийт сумын нэгдүгээр багт байрлалтай "Агин" үйлдвэр нь тахианы аж ахуй эрхэлж, нутгийн иргэдийг өдөр бүр шинэ өндгөөр хангаж байна.
2010 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа тус үйлдвэр нь 5500 өндөглөгч тахианы өндгийг өдөр бүр хэрэглэгчдэд нийлүүлдэг бөгөөд нэмж 7500 дэгдээхэйг өндөглөгч тахиагаар торниулж байна. Ийнхүү тус үйлдвэр шувууны аж ахуйгаа өргөжүүлэн үйлдвэрлэлээ автоматжуулж, байраа өргөтгөн тун удахгүй 12 мянган шинэ өндгийг хэрэглэгчдэд нийлүүлэхээр зэхэж байгаа юм.
Тус үйлдвэр аймгийнхаа итгэмжлэгдсэн лабораторид улирал тутам бүтээгдэхүүнийхээ дээжийг өгч, шинжилгээгээр баталгаажсан өндгийг нийтийн хэрэгцээнд нийлүүлдэг бөгөөд орон нутгийн хэрэгцээний 10 шахам хувийг хангадаг байна.