Хятадын пара хөнгөн атлетикчид 200 дахь алтан медалиа хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-09-04 17:54:50

ПАРИС, 2024 оны есдүгээр сарын 4 /Xinhua/. Хятадын тамирчин Зоу Лижуань мягмар гарагт Стад де Франс цэнгэлдэх хүрээлэнд болсон эмэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F43 ангиллын тэмцээнд түрүүлснээр хоёр дахь алтан медалиа хүртлээ. Ингэснээр 1984 оны Паралимпын наадмаас хойш Хятадын тамирчдын пара хөнгөн атлетикийн төрөлд хүртсэн алтан медалийн тоо 200 болжээ.  


Зоу Лижуань ярихдаа, энэхүү амжилтыг тогтоосондоо өөрөө алтан медаль хүртсэнээсээ илүү баяртай байгаагаа илэрхийлээд, энэ гайхалтай амжилт бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст төрөөс анхаарч байгааг илтгэн харуулж байгаагийн зэрэгцээ тамирчдын тууштай хүчин чармайлтын үр дүнг гэрчилж байна гэв.


Пара хөнгөн атлетикийн тэмцээнүүдийн амжилтаас дурдвал, Азербайжаны тамирчин Ламия Валиева 100 м-ийн гүйлтийн Т13 ангилалд 11.76 секундэд барианд орсноор дэлхийн дээд амжилт тогтоолоо. Мөн Нидерландын Кимберли Алкмаде эмэгтэйчүүдийн 200 м-ийн гүйлтийн T64 ангилалд 25.42 секундын амжилтаар шинэ дээд амжилт тогтоосон бол эрэгтэйчүүдийн өндрийн харайлтын T63 төрөлд Америкийн Эзра Френч Паралимпын рекордыг 1.94 м-т хүргэн ахиулжээ.


Үүний зэрэгцээ, Хятадын усанд сэлэлтийн баг тамирчид “Пари-Ла-Дефанс” аренад гялалзсан амжилт үзүүлж, зургаан уралдаанаас дөрвөн алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна. Тэд эрэгтэйчүүдийн 50 м-ийн араар даллах S5 төрөлд алтан медаль хүртэж, эмэгтэйчүүдийн төрөлд мөн адил амжилтыг үзүүлжээ.

 

“Парис-2024” Паралимпын наадмын медалийн хүснэгтийн тэргүүнд Хятадын баг тамирчид 54 алт, 40 мөнгө, 23 хүрэл медальтайгаар бичигдэж байна. Харин Их Британи 31 алт, 19 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байгаа бол АНУ-ын тамирчид 23 алт, 22 мөнгө, зургаан 11 медаль хүртсэнээр гуравдугаарт жагсаж байна. Тэдний араас Бразил, Франц, Итали, Нидерланд, Украин, Австрали, Испанийн баг тамирчид эхний 10-т бичигдэж байна. 

Холбоотой мэдээ