БАЯНХОНГОР: Чулуугаар хөгжимдөх урлаг буюу "Чулуун царгил"
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. 1950-иад оны үеэс Баянхонгор аймгийн Соёлын ордныхон Түйн голоос түүсэн чулуугаараа ардын дуу, бие биелгээний ая дангуудыг эгшиглүүлдэг байжээ. Тус хөгжмийн зэмсгийг "Чулуун царгил" гэнэ.
Чулуун царгилыг Баянхонгор аймгийнхан брэнд болгон хөгжүүлж байгаа бөгөөд сум бүрд чулуун царгилын чуулгатай болж, нийтэд түгээн дэлгэрүүлж байна.
Өдгөө тус аймгийн Баян-Өндөр сумын Чандмань уулын баруун талаас нь до, зүүн талд нь соль гэсэн хөгтэй байгалийн чулуунууд олддог бөгөөд тус уулыг соёлын өвийн хамгаалалтад авсан учраас чулуу авах хориотой болжээ. Мөн Баянхонгорын өөр сумдаас дуут чулуу олддог ч чулуунуудыг энд тэндээс нь эмтлэх, бага зэрэг цуулж байж үндсэн хөгийг нь үүсгэдэг байна. Хангайн талд тийм чулуунууд байдаггүй, байсан ч битүү дуутай, харин говийн чулуу царгиж дуугардаг учраас "Чулуун царгил" гэдэг аж.
Чулуун царгил нь урлаг гоозүйн мэдрэмжийг хөгжүүлэхийн зэрэгцээ хүүхэд, багачуудын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, эх оронч сэтгэлгээ, идэвхтэй хөдөлгөөнд эерэг нөлөөллийг бий болгодог байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 310 өвлөн уламжлагч бүртгэлтэйгээс 290 нь соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлд, 20 нь яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэлд бүртгэлтэй байна.
Сонирхуулахад, Монгол Улсын биет бус соёлын өвийн төлөөллийн үндэсний бүртгэлд “Ардын язгуур урлаг”-ийн 39 дүгээр хэсэгт Баянхонгор аймгийн хүүхдийн Тэмүжин театрын “Чулуун царгил хөгжим тоглох урлаг” хэмээн 2019 онд бүртгэгдсэн байна. Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн 375 жилийн ойгоор “Жалам хар”, "Дээшээ дээшээ” дууг 375 хүүхэд тоглож байжээ.