ДАРХАН-УУЛ: Сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй сурагчдыг хүлээн авч уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Дархан хотод сурагч солилцооны богино хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Тодруулбал, Герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 19 дүгээр сургууль ХБНГУ-ын Гёттинген хотын Отто хаан ахлах сургуультай хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд дөрвөн удаа сурагч солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Дөрөв дэх удаагийн хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хавар 19 дүгээр сургуулийн 18 сурагч, хоёр багш ХБНГУ-д зочилж сурагч солилцоонд хамрагджээ.
Харин энэ удаад Отто хаан ахлах сургуулийн 14 сурагч хоёр багш Дархан хотод ирсэн бөгөөд аймгийн Засаг дарга Б.Азжаргал, НБХ-ийн дарга Н.Цасчихэр нар хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ.
ХБНГУ-аас ирсэн сурагчдад Дархан хотын “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн дэх хүүхдийн парк, дугуйн болон явган хүний зам, мөн такси үйлчилгээ сонирхолтой сайхан санагдсан гэж уулзалтын үеэр сэтгэгдлээ хуваалцлаа.
Эдгээр сурагчдыг Дархан хотод байх хугацаанд Өргөө кино театраар үйлчлүүлэх, Дархан Юнайтед Арена цогцолборт спортын тэмцээн уралдаан зохион байгуулж, байгалийн сайханд амралт чөлөөт цагаа өнгөрүүлж, хотын түүх, соёлтой илүү танилцах боломжийг орон нутгаас анхаарч ажиллахаа илэрхийллээ.