БАЯНХОНГОР: Баянлиг сумын нутагт орших Зуухын суурин
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол орны нутгаас олдсон шинэ чулуун зэвсгийн үед хамаарах олон олдворын дотор, үлэмж баялаг олдворын нэг нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутгийн зүүн өмнөд хэсэгт орших Зуух хэмээх суурингийн ул мөр юм. Тус газраас малталтаар олдсон эд зүйлсийн дотор 46х35х9 см орчим хэмжээтэй хоёр ширхэг зуух олдсон нь НТӨ 4000-3000 жилийн тэртээ зэс хайлуулж байсныг илтгэнэ.
Энэхүү сууринг 1985 онд Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн Чулуун зэвсгийн дурсгал судлах ангийнхан анх илрүүлэн олсон байна. Энэ газар нь Баянлиг сумын төвөөс Өвөрхангай аймгийн Богд сумын төв орох зам дагуу тааралдах Хатан суудлын уулаас 25 км зайтай газарт оршино. Зуухын суурингийн газарзүйн байршил нь дэлхийд алдартай Баян загтай адил юм. 1985, 1995 онд хийсэн судалгааны ажлын үр дүнд эндээс археологийн дурсгал бүхий дөрвөн суурин газар олдсоны нэг нь хуучин чулуун зэвсгийн үеийн, нэг нь хүрэл зэвсгийн түрүү үеийн дурсгалтай байв.
Шинэ чулуун зэвсгийн дурсгал бүхий хэсгээс чулуун зэвсгийн төрөл бүрийн 9000 шахам үлдэц, ялтас, залтас, хусуур хутга, хутган ялтас, сумны зэв, жадны үзүүр, тариа цайруулах зорилгоор ашигладаг самбар чулуу, нухуур чулуу зэргээс гадна амьтдын 20 гаруй яс, цацагт хяруулын өндөгний хальс, шавар ваар савны хагархай олдсон байна. Эдгээр чулуун зэвсгүүдийг улаан, бор, шар өнгийн хаш, мана, цахиур, хайрга, элсэнцэр чулуугаар хийсэн байжээ.
Зуухын суурингаас олдсон нэгэн сонирхолтой олдвор бол байгалийн ямарваа нэгэн элэгдэлд ороогүй урьд өмнө Монголын нутагт тааралдаж байгаагүй, цагаан саарал өнгийн цахиурлаг чулуугаар хийсэн том хэмжээний жадны гилбэр үзүүр (173*77*33мм) юм.
Ерөнхий хэлбэр нь навчин хэлбэрийн сумны зэвийг санагдуулах бөгөөд гүдгэр гадаргатай ямарваа нэгэн ир суулгаагүй суурьтай энэ жадны үзүүр нь хоёр талдаа, хоёр захаасаа сайтар ирлэгдсэн байна. Ирний төрөл нь шаталсан тэгш бус хэмт ир болно. Сонирхолтой нь жадны үзүүрийн хоёр талын төвийн гүдгэр талбайнууд огт хөндөгдөөгүй байгалийнхаа төрхөөр хадгалагдан үлджээ.
Зуухын суурингийн олдворууд он цагийн хувьд Монгол орны нутаг дэвсгэрт говийн хэлбэрийн үлдэц давамгайлан ажиглагдах болсон Х.Т.Ө IX-VII мянган жилийн үеэс Х.Т.Ө III мянган жилийн тэртээ энэ газар эртний хүмүүс амьдарч байсныг лавсган харуулдаг юм.
Баянлиг сум нь аймгийнхаа зүүн өмнөд захын сум бөгөөд Улаанбаатараас 870, аймгийнхаа төвөөс 240 км зайд оршдог, 119 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Урд талаараа Өмнөговь аймгийн Сэврэй, Гурвантэс сумтай 270 км, баруун болон баруун хойд талаараа өөрийн аймгийн Баянговь, Богд сумтай 180 гаруй км, зүүн хойд болон зүүн талаараа Өвөрхангай аймгийн Богд сумтай 110 гаруй км нутгаар хиллэдэг.