ДАРХАН-УУЛ: “Аюулгүй байдлын төлөө үгээ хэлцгээе” аян зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-09-06 15:56:52

Дархан, 2024 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар хамтран болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлж сургалт, нөлөөллийн хоёр сарын аяныг ирэх долоо хоногоос эхлүүлнэ.


Аяны хүрээнд ”Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулах, хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр ажлууд зохион байгуулах юм. Мөн ослын хор уршгийг таниулах, хамгаалалтын малгай, хамгаалалтын бүс, хүүхдийн суудлын хэрэглээг нэвтрүүлэх, дадал суулгах нөлөөллийн ажлыг зохион байгуулна гэв.


Түүнчлэн нийгмийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийллийн үзүүлж байгаа нөлөө, осол гэмтэл, өвчлөлийн шалтгааныг судлах, мэдээллийн сан бүрдүүлэх, осол гэмтлийн үед яаралтай тусламж үзүүлэх чадварт сургах зэрэг сургалтыг иргэд болон төрийн албан хаагчдад танхим болон цахимаар зохион байгуулахаар төлөвлөжээ.


Монгол Улсын хэмжээнд 2023 онд 168280 хүн осол гэмтлийн улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан нь өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар нэмэгдсэн байна. 


Тиймээс дээрх шалтгаанаас үүдэн гарч буй эрсдэлийг бууруулах үүднээс нөлөөллийн аяныг зохион байгуулах гэж байна.

Холбоотой мэдээ