Виртуал бүсэд татварын хөнгөлөлтөөс гадна найман төрлийн дэмжлэг үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Мэдээллийн технологийн салбарын нэгдсэн форум “Open Tech Summit – 2024” Дархан-Уул аймагт өнгөрсөн баасан гарагт боллоо.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү энэ
үеэр Засгийн газар, тэн дундаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
ирэх 4 жилд дижитал шилжилтийг эрчимжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа онцлов.
Тодруулбал, төрийн үйлчилгээг цөөлж, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод
шилжүүлэх, төр мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэхгүй, гаднын
бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжихгүй, дотоод мэдээллийн технологийн компаниудын
бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих, энэ хүрээнд байгуулах виртуал бүсэд салбарын
хувийн хэвшлийн компаниудад татварын хөнгөлөлтөөс гадна 8 төрлийн дэмжлэг үзүүлэхийг
тэмдэглэжээ.
“Open tech Summit – 2024” -ын үеэр Голомт банкны Мэдээллийн
технологийн захирал М.Сайнбилэг салбарын статистик, дата танилцуулсан бол “Dell”,
“Chimege” компанийн удирдлага хиймэл оюун ухааны хэрэглээний талаар илтгэл
тавьж, хэлэлцүүлэг өрнүүлснийг ЦХИХХЯ мэдээллээ.