Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд дөрвөн зорилго дэвшүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлд дөрвөн зорилго дэвшүүлжээ.
Тодруулбал, банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, банкуудын зохистой засаглал эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлж, хяналт шалгалтын үнэлгээний аргачлалыг нэвтрүүлэх, салбарын тогтвортой ногоон санхүүжилт бий болгоход анхаарна. Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны хэрэгжилт, үр дүнтэй байдлын дараагийн үнэлгээнд бэлтгэж, өөрийгөө үнэлэх аргачлалд шилжихийг зорьж байгааг Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын Эрсдэлийн үнэлгээний хэлтсийн захирал Г.Борхүү Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг төр засгийн төлөөлөл, эдийн засагч, судлаач, олон улсын байгууллагынханд танилцуулах хэлэлцүүлгийн үеэр тэмдэглэв.
Мөн энэ үеэр, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, “Инфляцыг 6 хувь гэсэн голч түвшинтэй байлгах, цаашид 5 хувь болгож багасгах мөнгөний бодлого хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж байгаа. Цар тахлаас өмнө зээлийн хүү 12, 13 хувь байсан бол ковидын дараа геополитикийн нөхцөл байдал хүндэрсэн зэргээс төв банк мөнгөний бодлогоо өөрчилсөн. 2020 онд 6 хувь байсан бодлогын хүү 13 хувьд хүрч, эргээд 11 хувь боллоо. Эдийн засаг идэвхжиж байгаа тул эх үүсвэрийн өрсөлдөөн банк, банкны бус зах зээлд хүчтэй өрнөж байна. Засгийн газартай хамтарч, чанаргүй зээлийг барагдуулах эрх зүйн шинэчлэл хийх санаачилга гаргаж байгаа. Одоо байгаа 1.7 их наяд төгрөгийн чанаргүй зээл багадаа 3-4 их наяд төгрөгийн барьцаа хөрөнгийг түгжин, эдийн засгийн эргэлтээс гаргасан гэсэн үг. Барьцаа хөрөнгийг арчилж, хамгаалах зардал банкуудаас гардгийг шийдэх ёстой. Макро эдийн засгийн төлөв байдал дунд, урт хугацаанд тогтвортой байх хэрэгтэй. Эдийн засаг сэргэсэн ч цаашид тогтвортой байдлыг хангах нь том сорилт болох тул үүнд чиглэсэн мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалт хийхээр төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг боловсруулсан. Сүүлийн хоёр жил төсвийн орлого хүлээлтээс давлаа. Манай эдийн засаг уул уурхайгаас хамааралтай тул төсвийг орлогыг болгоомжтой төлөвлөх ёстой. Дэлхийн зах зээл дээр эдгээр бүтээгдэхүүний үнэ ханш ямар байгааг харах хэрэгтэй”-г онцоллоо.
Тус хэлэлцүүлгийг
Монголбанк 2017 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд 2023 оноос “Төрийн
мөнгөний бодлогын үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө олон
нийтэд танилцуулдаг болсон билээ.