“Унгарын уран зураг” шуудангийн марк худалдаанд гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-09-12 12:42:46

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. "Монгол шуудан" ХК “Унгарын уран зураг” сэдэвт зургаан нэрийн марк хэвлэн шуудангийн үйлчилгээнд орууллаа.


Энэхүү маркийн анхны өдрийн нээлт Монголын уран зургийн галерейд өнөөдөр болов.


Монгол, Унгар улсын түүхэн харилцаа XIII зууны үеэс эхлэлтэй. Монгол, Унгар Улс 1950 оны 4 дүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоож, олон салбарт хамтын ажиллагааг эхлүүлсэн. Хоёр орон шуудангийн холбооны салбарт нягт хамтран ажиллаж, 1958-1983 оны эхэн үе хүртэлх хугацаанд гоёмсог дизайнтай олон сэдвийн Монгол маркийг Унгарын марк, үнэт цаасны хэвлэх үйлдвэрт хэвлэсэн түүхтэй.


Маркийн анхны өдрийг нээж Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Обрущанский Борбала Анна хэлэхдээ, “Хоёр улсын хувьд 1958-1983 онд маркийн чиглэлээр хамтран ажиллаж, Унгар улсад Монгол марк хэвлэгдэж байсан сайхан түүхтэй. Энэхүү харилцаа, хамтын ажиллагаа энэ цаг үед сэргэн хөгжиж, Унгарын алдартай уран зургуудаас бүрдсэн маркийн цуглуулга Монгол Улсад хэвлэгдэн олны хүртээл болж буйд баяртай байна. Өнөөдөр нээлтээ хийж буй “Унгарын уран зураг” маркийн цуглуулгад Унгар улсад алдартай зургаан уран зураг орсноороо онцлогтой” гэв.


Нэр нь үл мэдэгдэх зураачийн “Айлчлал” хэмээх зураг Унгарын эртний уран зургийн цуглуулгын хамгийн алдартай бүтээл юм. Уг бүтээлд гэгээн Мария давхар биетэй Елизабетынд зочилсныг дүрсэлжээ.


Зураач Адам Маники 1712 онд бүтээсэн “Хунтайж II Ференц Ракочиийн хөрөг”-т Унгар язгууртны хувцастай ноёныг элдэв чимэглэлгүйгээр дүрсэлсэн байна.


Натюрморт зураач Богдан Жакабын 1710 онд зурсан “Тоть, цагаан кокаду бүхий жимс натюрморт” бүтээлд тухайн үед язгууртнуудын дунд моод болж байсан шувуудын аж байлыг дүрсэлжээ.


Зураач Пал Мерсе Сзиньеи 1874 онд зурсан “Ягаан даашинзтай эмэгтэй” уран зурагтаа анхны эхнэрээ дүрслэн мөнхөлжээ.

Зураач Феньес Адольфын 1904 онд бүтээсэн “Тосгоны өглөө” зурагтаа буйдхан жижиг суурингийн оршин суугчдын өдөр тутмын амьдралыг хүчтэй, дулаан өнгөөр дүрсэлжээ.


Зураач Йосиф Риппл-Ронай 1912 онд зурсан “Шомодь дахь Гестигийн шилтгээн” бүтээлдээ Гести хэмээх жижиг суурин байдаг шилтгээнийг мөнхөлжээ. Энэ нь эрдэнэ шишийн хэв маягийг шингээсэн гол чимэглэлийг агуулсан гайхалтай бүтээл юм.


Унгарын үндэсний галерей 1957 онд байгуулагдсан, Буда шилтгээн дэх хааны ордонд байрладаг. Дундад зуун, XX зууны үеийн Унгарын уран зураг, орчин үеийн уран баримал, медаль, хэвлэмэл зураг бүхий арвин сан хөмрөгтэй байгууллага юм.


Маркийг бүтээхэд Унгарын үндэсний галерей эх зургийн зөвшөөрөл өгч, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Обрущанский Борбала Анна, ахмад дипломатч О.Батсайхан нар мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажиллажээ.













Холбоотой мэдээ