СҮХБААТАР: Ногоон бүс төслийн хүрээнд багуудыг бүрэн камержуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-09-12 15:48:28

Баруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Ногоон бүс төслийн хүрээнд Баруун-Урт сумыг бүрэн камержуулах ажил 2023 онд эхэлж, амжилттай үргэлжилж байна. Одоогоор тус сумын хамгийн том газар нутгийг хамрах есдүгээр баг бүрэн камержиж, нэгдүгээр багийг камержуулах ажлыг хийж байна.



Тодруулбал, есдүгээр багт орон нутгийн хөгжлийн сангийн 125 сая төгрөгөөр 15 байршилд царай, автомашины дугаар таних, бичлэгээ 30 ба түүнээс дээш хоногоор хадгалах зэрэг стандартын шаардлага хангасан 24 камерыг нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулжээ. Мөн тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 10 ААНБ бүгд камержжээ.  


Дээрх төслийн хүрээнд өнгөрсөн жил орон нутгийн төсвөөс 700 гаруй сая төгрөгийг зарцуулж 1000 камерыг холбох хүчин чадал бүхий нэгдсэн серверийг аймгийн Цагдаагийн газарт байгуулсан. Өөрөөр хэлбэл ногоон бүс болоход шаардлагатай хамгийн чухал дэд бүтцийн ажлыг хийсэн. Энэхүү камерын хяналтын төвд нийтийн эзэмшлийн зам талбайн бүх камер холбогдсон, ААНБ-уудын гадна камеруудыг холбох ажлыг эхлүүлсэн. Ирэх оны төсөвт 600 сая төгрөгийг мөн энэ ажилд зориулж төсөвт суулгасан. Үүнийг аймгийн төвөөс гарах авто замын гарц бүрийг камержуулж, нэгдсэн системд холбоход зарцуулна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.


Камержуулалт нь иргэдийн амар тайван байдлыг хангах, аюулгүй байдлын мэдрэмжийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн тохиолдолд түргэн шуурхай илрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Тийм ч учраас ААНБ-уудыг орон нутаг болон цагдаагийн байгууллагаас гаргасан уриалга, албан мэдэгдэлд идэвхтэй нэгдэж, иргэд ч маш таатай хүлээн авч дэмжиж байна.


Мөнххаан, Сүхбаатар сум мөн ногоон бүс болохоо зарлаад байгаа юм. 

Холбоотой мэдээ