ДАРХАН-УУЛ: Төр, хувийн хэвшилтэй зөвшилцөж чадвал арьс ширний цогцолборын барилгын ажил үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-09-13 21:01:55

Дархан, 2024 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, "Дархан арьс ширний цогцолбор" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбаяр болон холбогдох албаны төлөөлөлтэй уулзлаа.


Уулзалтын зорилго нь зогсонги байдалд орсон арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн үргэлжлүүлэх, туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан ААНБ-уудын тулгамдсан асуудлын талаар сонслоо.


Үндэсний аудитын газрын дүгнэлтээр Дархан арьс ширний цогцолборын төслийн нийт төсөвт өртөг нь 86.2 тэрбум төгрөг. Үүнээс 40.8 тэрбум төгрөгийн ажил хийгдэж 47.4 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Хөгжлийн банкнаас авсан 18.3 тэрбум төгрөгийн зээлийн хүү 9.1 тэрбум төгрөгт хүрч, хүүгийн дарамтад хувийн хэвшил орсон гэж мэдэгдэж байна. 


Иймд дахин аудит ажиллуулж гаргасан дүгнэлтийг үндэслэн тухайн үнийн дүнтэй хувийн хэвшил зөвшилцөж чадвал төр Дархан арьс ширний цогцолбор”-ын дэд бүтцийг худалдан авч цаашид үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэв.


Дархан арьс ширний цогцолборын төслийг 2018 онд эхлүүлж, цахилгааны шугам, цэвэрлэх байгууламж, гадна дулаан, цэвэр усны хангамж, технологийн уур үүсгэгч зэрэг дэд бүтцийн ажлуудыг хийжээ.


Хөгжлийн банкнаас зээл авч уг ажлыг элхүүлсэн ч 2021 оноос үйл ажиллагаа нь бүрэн зогсож, туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагууд алдагдал хүлээж зогссон байна.


Аймаг, орон нутгийн зүгээс удаа дараа хөгжлийн банкнаас авсан зээлийг төлүүлж аж ахуйн нэгжүүдийн өр төлбөрийг барагдуулах тохиролцоог "Дархан арьс ширний цогцолбор" ХХК-тай хийсэн боловч тодорхой үр дүнд хүрч чадаагүй өнөөдрийг хүрчээ.  


Тиймээс төрийн байгууллага нь хөрсөнд буусан бодитой шийдвэр гаргаж аж ахуйн нэгжүүдийн хохирлыг барагдуулж, цаашид олон ажлын байр нэмэгдэж, зөвхөн арьс шир боловсруулах биш хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж туслан гүйцэтгэгч компанийн удирдлагууд ярьж байна.


Дээрх асуудалд анхаарлаа хандуулж дахин аудит ажиллуулж, үр дүнгийн талаар талууд санал нийлж чадвал арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажил цаашид үргэлжлэх боломжтой юм.



 

Холбоотой мэдээ