Орос, Украины олзлогдсон цэргүүдийг солилцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-09-15 13:24:51

МОСКВА, 2024 оны есдүгээр сарын 15 /DW/. Орос, Украин улсууд өчигдөр буюу бямба гарагт Арабын Нэгдсэн Эмирт Улсын (АНЭУ) зуучлалаар олзны цэргүүдийг солилцжээ. Талууд тус бүр 103 цэргийг сулласан байна. 


Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, энэ удаагийн солилцоогоор өнгөрсөн сарын 6-нд Украины цэргүүд Курск муж руу давших үеэр олзлогдсон цэргүүд суллагдсан байна. Суллагдсан цэргүүд одоо Беларусьт байгаа бөгөөд тэдэнд шаардлагатай сэтгэл зүйн болон эмнэлгийн тусламж үзүүлж байна гэж тус яам мэдээлжээ.


Олзны цэргүүдийг солилцсон тухай мэдээллийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский баталжээ. Түүний хэлснээр, Украиын 21 офицер, 82 жагсаалын цэрэг, түрүүч Оросын олзноос суллагджээ. Суллагдсан цэргүүдийн дунд Мариуполь болон Азовсталь, Киев, Донецк, Луганск, Запорожье, Харьков мужуудыг хамгаалах тулалдаанд оролцсон хүмүүс бий гэж тэрбээр Telegram хуудсандаа бичсэн байна.


Хоёр улс мөн өмнөх өдөр нь буюу есдүгээр сарын 13-нд "49-ыг 49-өөр" хэлбэрээр солилцоо хийжээ. Энэ солилцоогоор Курск мужид олзлогдсон Оросын хугацаат цэргийн алба хаагчид, Украины Зэвсэгт хүчин, Үндэсний гварди, Үндэсний цагдаа, Хилийн хамгаалалтын албаны цэргүүд, мөн Оросын цэргүүдэд хулгайлагдсан энгийн иргэд суллагджээ. Солилцсон хүмүүсийн дунд мөн "Азов" бригадын цэргүүд байсан байна.


Орос, Украин улсууд үүнээс өмнө  наймдугаар сарын 24-нд тус тусын 115 олзны цэргийг солилцсон юм.

Холбоотой мэдээ