ОРХОН: “Гайхамшигт помидор” фестиваль хоёр дахь өдрөө үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Орхон аймагт гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Гайхамшигт помидор” наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Уг наадмыг “Монголын өрхийн тариаланчдын групп” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Г.Батбуян санаачилж, аймгийн ИТХ, Баян-Өндөр сумын ЗДТГ хамтран дэмжин ажиллалаа.
Энэ удаагийн наадамд Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл, Булган зэрэг найман аймгийн 60 гаруй тариаланч, Орхон аймгийн өрхийн 10 гаруй тариаланч оролцсон юм.
Наадмын зорилго нь өрхийн тариаланчдыг нэмэгдүүлэх, өрх бүр үйлдвэрлэгч болоход чиглэсэн юм. Иймд үзэсгэлэн худалдааны үеэр хашаандаа ногоо тарих хүсэлтэй байгаа иргэдэд доктор Г.Байгальмаа зөвлөгөө өглөө.
Мөн хамгийн том лооль тариалсан иргэд өөрсдийнхөө туршлагаас хуваалцсан юм.
Наадмын үеэр шилдэг өрхийн үйлдвэрлэгч, хамгийн амттай лооль, хамгийн их лооль тариалсан иргэдийг шагнаж урамшууллаа.