“Crew Dragon” багийнхан эх дэлхийдээ эргэн ирлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААННЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 16 /ВВС/. “SpaceX” компанийн хэрэгжүүлж буй арилжааны сансрын нислэгийн “Polaris Dawn” хөтөлбөрийн хүрээнд таван өдрийн туршид сансарт түүхэн нислэг хийсэн багийнхан ням гарагт эх дэлхийдээ амжилттай буцан ирлээ.
“Crew Dragon” хөлгийн капсул орон нутгийн цагаар 03:37 цагт Флорида муж улсын эргийн ойролцоо газардсан бөгөөд “SpaceX” энэ үйл явдлыг шууд дамжуулсан байна.
АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг энэхүү нислэгийг сансрын арилжааны салбарт "асар том үсрэлт" боллоо гэж мэдэгдэв.
Тэрбумтан Жаред Айзекманы санхүүжүүлж, ахалсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд ямар ч сансрын нисгэгчдийн гараагүй өндөрт буюу тойрог замын 1400 км-ийн өндөрт хүрснээр дээд амжилт тогтоожээ. 1972 онд “Аполлон” хөлгөөр Сар руу ниссэн сансрын нисэгчид л Дэлхийгээс цааш нисэж байсан билээ.
Багийн бүрэлдэхүүнд мөн АНУ-ын Агаарын цэргийн хүчний тэтгэвэрт гарсан нисгэгч Скотт Потит, SpaceX-ийн ажилтнууд болох Сара Гиллис, Анна Менон нар багтжээ.
Айзекман, Гиллис нар задгай сансарт гарч түүхэнд анх удаа задгай сансар гарсан анхны сансрын нисгэгч бус хүмүүс болсон юм. Энэ нислэгээс өмнө зөвхөн сансрын нисэгчид л задгай сансарт гарч байв.
“Crew Dragon” хөлгийн багийнхан тав хоногийн турш сансарт байх хугацаандаа 40 гаруй туршилт хийжээ. Тухайлбал, сансрын нислэгийн үеэр хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлах, “Dragon" сансрын хөлөг болон "Space X"-ийн "Starlink" хиймэл дагуул хооронд хиймэл дагуул хоорондын лазер харилцааг турших зэрэг туршилтуудыг хийжээ.
“Polaris Dawn” бол Айзекман, “SpaceX”-ийн хамтарсан төсөл бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд үйлдэх гурван нислэгийн эхнийх нь юм. "SpaceX"-ийн шинэ "Starship" пуужингийн анхны жолоодлогот нислэгийг уг хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөжээ.