ХӨВСГӨЛ: Халх голын баатруудын хөшөөнд цэцэг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Халх голын ялалтын 85 жилийн ой, орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний түүхт 91 жилийн ойн өдөр Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид, ахмадууд Мөрөн сумын "Халх голын баатрууд"-ын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Халх голын байлдаанд Хөвсгөл аймгаас цэргийн алба хааж байсан олон цэрэг оролцож байснаас Ханх сумын харьяат Л.Гэлэгбаатар гарамгай гавьяа байгуулж, БНМАУ-ын баатар цолоор шагнуулж байсан юм.
Халх голын байлдаанд оролцож явсан цэргүүдийн тоо албан ёсоор гараагүй боловч 500 гаруй цэрэг байсан гэдэг тойм тоо байдаг байна.
Халхын голд улс орныхоо хилийг хамгаалж байгаа дайчдад туслах, батлан хамгаалах хүч чадлыг нэмэгдүүлэхэд зориулж Хөвсгөл аймгийн хөдөлмөрчид 494 толгой мал, 1168 агт морь, 43600 төгрөгийн бэлгийг хүргүүлж байжээ.