“Хезболла” бүлэглэлийн байгууламжуудад цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-09-20 10:14:52

ТЕЛЬ-АВИВ, 2024 оны есдүгээр сарын 20 /The Times of Israel/. Израилын сөнөөгч онгоцууд Ливаны өмнөд хэсэгт байрлах “Хезболла” бүлэглэлийн пуужин харвагч 30 төхөөрөмж болон дэд бүтцийн байгууламжуудад цохилт өгсөн тухай “The Times of Israel” сонин пүрэв гаргийн орой Израилын Батлан хамгаалах армийн мэдэгдлээс эш татан мэдээлжээ. 


Мэдээлэлд дурдсанаар, устгасан пуужингийн төхөөрөмжүүдэд Израилд цохилт өгөхөд бэлэн болгосон 150 орчим харвагч гол төмөр байжээ. Израилын цэргүүд мөн Ливаны өмнөд хэсгийн хэд хэдэн нутагт “Хезболла” бүлэглэлийн хэд хэдэн барилга, зэвсгийн агуулахад цохилт өгсөн байна. 


“Цохилт өгөхөөс өмнөх өдөр “Хезболла” бүлэглэл Израилын хойд нутагт пуужингийн цохилт өгч, нисгэгчгүй онгоцоор дайрсны улмаас хоёр цэрэг амиа алдаж, хэд хэдэн цэрэг шархадсан” гэж Батлан хамгаалах армийн мэдэгдэлд  дурджээ. 


Есдүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд Ливанд “Хезболла” хөдөлгөөний гишүүдийн ашиглаж байсан пейжер, радио станцууд дэлбэрсний улмаас 37 хүн амиа алдаж, 3000 орчим хүн шархадсан байна. 


“Хезболла” бүлэглэл уг дэлбэрэлтүүдэд Израилын талыг буруутгаж байгаа юм. Харин Израилын эрх баригчид энэ ажиллагааны хариуцлагыг одоогоор хүлээгээгүй байна. 


“Хезболла” бүлэглэлийн удирдагч Хассан Насралла есдүгээр сарын 19-ний пүрэв гарагт телевизээр хийсэн мэдэгдэлдээ, уг халдлагыг "бүх улаан шугамыг давсан халдлага, дайны гэмт хэрэг, дайн зарласан үйлдэл" гэжээ.


Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галант мөн есдүгээр сарын 19-ний орой мэдэгдэхдээ, Израил улс “Хезболла”-гийн эсрэг цэргийн ажиллагаа явуулсаар байх болно гэдгийг тэмдэглэн хэлжээ. "Дайны шинэ үе шатанд томоохон боломжууд төдийгүй томоохон эрсдэлүүд ч бий. Гэхдээ цэргийн цуврал ажиллагаа үргэлжлэх болно. Бидний зорилго бол Израилын хойд нутгийн оршин суугчдыг нутагт нь аюулгүйгээр буцаах явдал юм. Цаг хугацаа өнгөрөх тусам “Хезболла”-гийн төлөх төлөөс нэмэгдсээр байх болно" гэж тэрбээр мэдэгджээ. 


Үүний зэрэгцээ Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху цэргийн танхимын гишүүдийг хуралдуулахаар дуудсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.


Дээрх үйл явдалтай холбогдуулан АНУ-ын эрх баригчид Ойрх Дорнод дахь мөргөлдөөнийг улам хурцатгахгүй байхыг уриалав. "Бид Израилын өөрийгөө хамгаалах эрхийг үргэлжлүүлэн дэмжих болно, гэхдээ аль нэг тал энэ мөргөлдөөнийг хурцатгахыг хүсэхгүй байна” гэж Төрийн департаментын төлөөлөгч Мэтью Миллер ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.




Холбоотой мэдээ