Б.БАТХҮҮ: Монгол ангус үхэр дан бэлчээрийн маллагаатай хэрнээ үүлдрийнхээ үндсэн ашиг шимт чанарыг бүрэн хадгалдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баяндун сумын иргэн, “Монгол Ангус үржүүлэг” ХХК-ийн захирал Б.Батхүүтэй ярилцлаа. Түүний хувьд сүүлийн 20-иод жил малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр судалгаа хийж, цөм сүрэг үүсгэн, ирээдүйд дэлхийн стандартад нийцсэн стэйкний махыг экспортод гаргах зорилготой явна.
-Намаржаа тавлаг сайхан уу?
Буриад зон олон хадландаа гарсан намар цагаар Та бид хоёр уулзаж байна. Өвөлд
бэлэн үү?
-Сайхан намаржиж байна. Манай буриадууд хадлан тэжээлээ сайтар
базаадаг уламжлалтай зон олон. Ноднин өвлийн цас зуднаас хатуу сургамж авч, энэ жилийн бэлтгэлийг эртнээс эхэлж, ахиухан өвс авах зорилготой
хадландаа гараад байна.
-Сүүлийн жилүүдэд баруун
талаас манай аймгийг чиглэсэн отор нүүдэл нэмэгдэж, олон малын хөлд бэлчээр
талхлагдах эрсдэл бий боллоо. Манай улс 72 сая малтайгаас тал хувь нь эр мал
гэсэн тооцоо судалгаа ч бий. Малын чанар тоо толгойд анхаарахын тулд үүлдэр
угсааг сайжруулах шаардлага тулгарч байна. Энэ тал дээр Та бодит ажил хийж яваа
хүн?
-Дорнодын байгаль цаг уурын таатай нөхцөл, бэлчээрийн хүрэлцээ, малын таваарлаг байдал зэргийг харгалзан дэлхийн шилдэг үүлдрийн нэг Абердин ангус үхрийг үржил селекцийн аргаар нутагшуулах ажлыг 18 жил хийж байна. Дэлхий дээр 990 үүлдрийн үхэр бий гэсэн судалгаа байдаг. Эдгээрээс хамгийн олон буюу 41 улсад нутагшуулсан нь ангус үүлдэр юм. Энэ үхэр байгаль цаг уурын -+40 хэм буюу ямар ч нөхцөлд дасан зохицох чадвар, бэлчээр ашиглалт сайтай, төрөлхийн мухар хэвшилтэй, зүсний хувьд хар, улаан, төрөх үеийн хүндрэлгүйгээс гадна хоногийн нэмэгдэл жин өндөр зэргийг харгалзан ангус үүлдрээр нутгийн монгол үхрийн махан ашиг шимийг нэмэгдүүлэх үржлийн ажил эхлүүлсэн.
Одоогийн байдлаар үржлийн аж ахуйн цөм сүргийг 3, 4-р үе /F3, F4/-ийн үхрээр бүрдүүлж, бэлчээрийн үхрийн үндсэн сайжруулагчаар 18 аймгийн 30 суманд захиалгаар нийлүүлээд байна. Ер нь үржлийн ажлыг өргөжүүлж, Дорнод аймагтаа махны брэнд үхэр гаргах тал дээр судалгааны ажил хийж байгаа юм. Бид үүнийг хийж чадвал Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан махны чиглэлийн брэнд үхэртэй болох боломж бий гэж хардаг шүү. Саяхан л гэхэд ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгаас олон тоогоор тугал авах захиалга ирсэн. Энэ нь махны үхрийн эрэлт хэрэгцээ хаа сайгүй байгааг харуулж байна.
-Мал, махны экспортын асуудалд манай улсын нутаг дэвсгэр малын гоц халдварт өвчний голомттой, эрүүлжүүлэх
шаардлагатай тухай яригддаг ч ямар нэгэн дэвшил өөрчлөлт гарахгүй өнөөдрийг
хүрч байна. Гэтэл та сая тугал амьдаар нь экспортод гаргах тухай ярилаа. Ямар
нэгэн гарц гаргалгаа бий хэрэг үү?
-Бичиг баримтаа хөөцөлдөөд бүтэл муутай л байна. Ер нь бол хамгийн
багадаа гурван жилийн хугацаанд А зэрэглэлийн гоц халдварт өвчин гаргахгүй
сэргийлж, үүнийгээ олон улсад зарласны дараа хянах магадлагааны хугацааг
дуусгаж байж хилээр мал мах гаргах ёстой юм байна. Хуульд хамгаалагдсан аж
ахуй, хамгаалагдсан бүс гэдэг нэр томъёо бий. Бүс битгий хэл ганцхан аж ахуйг ч
хамгаалагдсан аж ахуй болгох боломжтой. Суман дотроо хамгаалалтын бүсийн
дэглэмээ сахиж чадах юм бол хажуу айлын мал гоц халдварт өвчин туссан байсан ч
хамаагүй хамгаалагдсан бүсээс гаргах боломжтой юм. Мал эмнэлгийн салбар үнэнд
гүйцэгдэж байна шүү дээ. Нэг үе малын өвчин гармагц орон даяар зарлаж,
вакцинжуулдаг хэдий ч өвчнийг бүрмөсөн арилгаж чадахгүй явсаар ирсэн. Одоо ч
дийлэхээсээ нэгэнт өнгөрөөд харсан ч хараагүй юм шиг байх болсон. Тэгэхээр энэ
нь өөрөө мал, мах экспортлоход том саад болж байна.
-Монгол малыг эрлийзжүүлэх нь буруу
гэсэн байр суурьтай хүмүүс цөөнгүй байдаг. Энэ асуудалд мэргэжлийн хүний хувьд
ямар бодолтой байдаг вэ?
-Манай суманд одоогоор арваад малчин айл хамтарч мянга гаруй үхрийг судалгаанд хамруулж, үүлдэр угсааны ажил хийж байгаа. Бид нутгийн брэнд мах гаргаж авах зорилготой. Энэ датаг аймгийн хэмжээнд биш гэхэд Улз гол дагасан гурван сум эсвэл урд талын сумдад хувилахад л бэлчээрийн даац, эдийн засгийн хувьд маш том боломж бий болно шүү. Үржлийн биотехнологийн ямар ч мэдлэггүй хүмүүс ийм мэдээллийг их сэвдэг л дээ. Мэргэжлийнхэн бол үүнийг ойлгоно. Энгийнээр тайлбарлая. Аливаа малын ашиг шим өндөр байх тусмаа тэжээллэг болон тавлаг байдлыг илүү шаарддаг. Өвлийн улиралд өвс тэжээлээ идэх хугацаа нь богино, эрс тэс уур амьсгалаас шалтгаалаад энергийн алдагдал их байдаг. Алдсан энергиэ хоол тэжээлээр нөхөж авах ёстой шүү дээ. Тэр тэжээлийг нь өгч чадахгүй бол турж эцдэг, энэ утгаар нь эрлийз малыг тэжээл өгч байж онд ордог хэврэг гэж хүмүүс ойлгодог. Аливаа малыг эрлийзжүүлэн сайжруулахдаа сайжрагч малын тэсвэр тэвчээр, бусад давуу шинжийг хадгалж, зөвхөн сайжруулахыг хүссэн ашигт чанарыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй.
Манай үржүүлж байгаа монгол ангус үхэр дан
бэлчээрийн маллагаатай хэрнээ үүлдрийнхээ үндсэн ашиг шимт чанарыг бүрэн
хадгалсан байдаг. Энэ олон жил би юунд зорьсон бэ гэхээр өвөл тэжээдэггүй,
битүү байранд ордоггүй, бэлчээртээ хэвтээд, тэндээ төллөдөг үхэр гаргахыг л
хичээсэн. Монгол малтай адил тэсвэртэй хэрнээ илүү жинтэй, чацархаг. Манай
ангусууд ноднин өвлийн цас зуданд хөдөө бэлчээртээ л өвөлжсөн. Махны чиглэлийн
үхрийн мах нь булчин эсийн хооронд өөх алаглаж сууснаараа махны чанарыг
дээшлүүлдэг.
-Танай аж ахуйд ургасан жимсний моднууд нүд булаам
харагдаж байна. Орон нутагт үхэр малаас гадна жимс, ногооны тариалан эрхлэх нь
өөр төрлийн аж ахуйг хөгжүүлэх бас нэг чухал алхам байж болох нь ээ?
-Манайх 2019 оноос эхэлж хашаандаа 33 төрлийн 500 гаруй мод тарьж, гурав дахь жилээсээ жимсээ өгч эхэлсэн. Энэ жил алимын нэг модноос 25-30 кг алим хураасан. Ер нь айлууд алимын 10 модтой байхад л өрхийн хэрэгцээгээ хангаад илүүг нь худалдан борлуулахад чамлахааргүй мөнгө олох боломжтой. Айлууд модноос гадна өрхийн орлогоо нэмэгдүүлэх тахиа, зөгийний зэрэг туслах аж ахуй, өрхийн үйлдвэрлэл эрхлэх хэрэгтэй. Энэ тал дээр орон нутгийн бодлого шийдвэр гардаг байх нь чухал гэж боддог. Өрх бүр ашиг орлоготой, хүн бүр үйлдвэрлэгч болж байж сум орон нутгийн эдийн засгийг тэлэх суурь бүрдэнэ. Айл өрх, албан байгууллага бүр хашаандаа жимсний болон гоёлын мод тарьснаар сумын өнгө үзэмжийг сайжруулж, орчны тоосжилт, дуу чимээг багасгахаас гадна жимсний модноос өрхийн орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломж бий.