БУЛГАН: Эв нэгдлийн их цагаан суваргад анхны хурим боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Намрын дунд сарын шинийн 17-ны билигт сайн өдөр Булган аймгийн Эв нэгдлийн их цагаан суваргад анхны гэрлэх ёслолын хурим боллоо.
38 метрийн өндөртэй бүтээсэн Азид
тавдугаарт, дэлхийд зургаадугаарт өндрөөрөө эрэмбэлэгдэж буй Их цагаан суваргад
хуримаа хийсэн анхны хос Булган аймгийн Орхон сумын Б.Идэрчулуун, М.Должин нар байв.
Өв уламжлал, үндэсний ахуй соёлоо дээдэлсэн, шашин төрийн хүндэтгэлийн үйл ажиллагааг ёслол төгөлдөр үйлдсэн хуримын хос Их цагаан суваргадаа мориор ирж, буцаж буй нь энэ үеийн хуримын хамгийн содон сайхан нь байлаа.
Тэд гэрлэлтийн баримт бичигт гарын үсгээ зурснаар Монгол Улсын “Гэр бүлийн тухай” хуулийн дагуу гэрлэлтийг албан ёсоор батлан ёсолж, Гэр бүлийн батлах, Булган аймгийн Эв нэгдлийн их цагаан суваргын ёслол хүндэтгэлийн өргөөнд гэрлэх ёслолоо баталсныг гэрчилж батламж гардууллаа.
Хосод зориулан Занабазарын эв нэгдлийг илэрхийлсэн жанлав цогзол номыг лам хуврагууд уншиж, аюул осол газар усны гай зовлонгоос сэргийлэх “Алтангэрэл" судрыг, бурхны таван тансаг эдийн хамт равнайлан хадганд оршоож бэлэглэлээ.
Мөн энэхүү өргөөнд залсан Бурхан багшийн рэнсэл-Бурхан багш, Майдар бурхан, Дандар аграмбын алтан суваргад адислуулж, Далай багшийн сэнтийд мөргөл үйлдэж хосоо үдэж гаргаж өгсөнд худ ургийнхан болоод нутаг зоныхон бэлэг ерөөл ихтэй сэтгэл тэнүүн байна.
Их цагаан суварга нь зөвхөн шашны төдийгүй танин мэдэхүйн хувьд Уран зургийн галерей, Оройн дээдийн адислалд үзмэр, гэрлэх ёслолын танхим, 1024 алтан бурхны чуулган, түүх соёл өв уламжлалыг багтаасан шашин соёлын төв байх юм.
Цаашид хосын гэрлэх ёслолын хүндэтгэлийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах бөгөөд 1-р давхарт ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа , 2-р давхарт түүх өв уламжлал ёс заншил нутаг орны үзмэр уран зураг галерей, 3-р давхарт 1024 алтан бурхны чуулган, Бурхан шашны үйл ажиллагаа явуулах юм.
Ташрамд, энэ сарын 29-нд Их цагаан суваргын Бурхан шашны танхимд дуу тасрахгүй хорин дөрвөн цаг айлддаг Дарь эх цангираглана.