Америкийн бүх ЭСЯ-нд агаарын чанарын мэдээллийг хүргэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 26 /VOA/. Өөрсдийн ажиллаж
буй газар орны агаарын чанарын талаарх мэдээллийг авах боломжийг гадаад дахь
АНУ-ын дипломат ажилтнуудад олгох үүднээс НАСА болон Төрийн Департамент хамтран
үйлчилгээнийхээ функцийг шинэчилжээ.
Энэ бол Төрийн Департаментаас 2020 онд анх нэвтрүүлсэн
гар утасны аппликейшн буюу ZephAir төсөл юм.
НАСА-гаас мэдээлснээр, дэлхий даяар ажиллаж буй АНУ-ын
270 орчим ЭСЯ, консулын газруудын ажилтнууд уг шинэчилсэн аппликейшнийг ашиглах
боломжтой болж байна. Ингэснээр тэд агаарын чанарын гурав
хоногийн урьдчилсан мэдээ, агаар дахь PM2.5 тоосонцрын агууламжийн талаарх
мэдээллийг хүлээн авах юм.
“НАСА-тай хамтран ажиллаж байгаа нь манай гараг дээрх амьдралд
сансрын технологи шууд нөлөөлөх боломжтой гэдгийг харуулж
байна” гэж Төрийн Департаментын уур амьсгалын өөрчлөлт, агаарын чанарын мониторингийн
төслийн удирдагч Стефани Кристель ярьж байна. Учир нь, гадаад орнууд дахь АНУ-ын
бүх дипломат төлөөлөгчдийн газарт агаарын чанарыг хянах төхөөрөмж суурилуулах нь
асар өндөр өртөгтэй учраас Төрийн Департамент үүнийг дангаараа хийх боломжгүй
гэдгийг тэрбээр дурдлаа.
Энэ мэдээ нийтлэгдэх мөчид БНАрдчилсан
Конго улсын нийслэл Киншаса хот дахь АНУ-ын ЭСЯ байрладаг бүсэд агаарын чанар
хамгийн муу буюу 166 гэсэн үзүүлэлттэй байлаа. Харин Косовогийн
Приштина хотод агаар хамгийн цэвэр байв.
Дэлхий даяар тархан байрласан АНУ-ын дипломат төлөөлөгчдийн
газруудад АНУ-ын болон тухайн улс орны 60 мянга орчим иргэд ажилладаг.
Шинэчилсэн аппликейшнийг ашигласнаар тэд эрүүл мэнддээ анхаарал тавьж, барилга
байгууламжуудыг агааржуулах эсэх, задгай талбайд уулзалт цуглаан зохион
байгуулах эсэхийг шийдэх боломжтой.
Энэхүү санаачилга нь зөвхөн Америкийн дипломатчдын эрүүл
мэндийг хамгаалах төдийгүй дэлхий дахины экологийн асуудалд хувь нэмрээ оруулна
гэдгийг Төрийн Департамент онцлон тэмдэглэлээ.