Төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж, төсөв хэмнэхийг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-26 12:14:25

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ, БНСУ-ыг хариуцсан захирал, хатагтай Мара К.Уорвик, Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Таехюн Ли, “Ухаалаг засаг-2” төслийн багийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү, -“Ухаалаг засаг-2” төслийг амжилттай хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн, шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний дагуу манай яамны чиг үүрэгт инновацын асуудал нэмэгдснээр тэргүүлэх чиглэлээ тодорхойлж байна. Тухайлбал хиймэл оюун ухаан, дрон, сансрын тухай хууль зэрэг хэд хэдэн шинэ хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгааг дуулгалаа. Тэрбээр, “НҮБ-ын хоёр жил тутамд гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол Улс энэ онд 28 байраар урагшилж, 193 орноос 46-д жагссан. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг Кибер аюулгүй байдлын индексээр 17 байр урагшилсан билээ. “Ухаалаг засаг-2” төсөл манай улсын цахим эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” хэмээв.


Хатагтай Мара К.Уорвик “Дэлхийн банк саяхнаас цахим хөгжлийг шинэ тэргүүлэх чиглэлээ болгон өөрчилсөн. Иймд зөвхөн хөрөнгө оруулалтыг дэмжих бус дэлхийн шилдэг туршлагуудыг нутагшуулахыг дэмжинэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг олон улстай хамтран ажиллахад нь шаардлагатай бүх дэмжлэг үзүүлнэ” гэжээ.



Дэлхийн банкны “Ухаалаг засаг-2″ төслийг 2023–2027 онд хэрэгжүүлэхдээ 3 зорилтын хүрээнд 40 гаруй төсөл, үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, дижитал шилжилт хийх орчныг бүрдүүлж, дэд бүтцийг сайжруулах, дижитал эдийн засгийг хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэн чадавхжуулах юм. Ингэснээр дижитал технологид суурилсан 3000 аас доошгүй ажлын байрыг нэмж, төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, хүн төвтэй, иргэнд ээлтэй үйлчилгээний стандартад нийцүүлэхээс гадна төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж төсөв хэмнэх аж.


Зорилтот бүлгийн 13000 иргэний цахим ур чадварыг 30 хувииар нэмэгдүүлэх бөгөөд тэдний 60 хувь нь эмэгтэйчүүд байхыг ЦХИХХЯ мэдээллээ. 

Холбоотой мэдээ