ЗАВХАН: 1700-аад оны үеийн дайны туг хадгалагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Музейн шашны танхимд "Эмгэн баатрын Далха туг" хадгалагдаж байна.
Эмгэн баатрын цэргийн туг “Далха” бурхны хөрөгтэй. Эргэн тойрон өргөн эмжиж хийсэн гадна талд нь гурван хэл, ишинд нь гурван уяа оосортой, дөрвөлжин хэлбэртэй “Туг далха” гэж нэрлэгдсэн торгон туг юм.
Энэ туг нь Баатар бэйсийн хошууны ноёд, язгууртан
тайж нарт дамжин хадгалагдсан. Хамгийн сүүлд Тосонцэнгэл сумын Идэр багийн уугуул
Дамбын Тойвгоо, хүү хурандаа Баттөмөр нарт байсныг 1980 оны сүүлчээр Завхан
аймгийн музейн эрхлэгч Д.Дагвадорж үзмэрт авч үзүүллэгт дэглэжээ.
Эмгэн баатрын Далха туг нь Завхан аймгийн музейн шашны танхимын үзүүллэгт дэглэгдсэн ховор үзмэрийн төлөөлөл юм. Уг туг нь 80см x 80см орчмын хэмжээтэй.
Тэг дөрвөлжин хэлбэртэй, нэлээд өргөн, улаан шар хүрээн дотор торгон цайвар суурин өнгөн дээр “Далха” бурхныг нарийн дүрсэлж гоёмсгоор үзүүлсэн байдаг. Туг зөвхөн нэг талдаа зурагтай, нөгөө талдаа цулгуй байдаг.
Тугийн урд талд нь гурван хэлтэй, дээд хэл болох хөх өнгөн дээрээ “Ум Ара Базана Ди” хэмээх тарнийг бичсэн, дунд хэл болох улаан өнгөн дээр “Ум Мани Бадми Хум” гэсэн тарнийг бичсэн байдаг. Харин доод хэл нь хөх өнгөтэй дээрээ “Ум Базар Вани Хум Пад” гэсэн тарни бичсэн байдаг. Хэлний ишинд гурван оосортой. Уг туг нь Бирваа бэйсийн хошууны Эмгэн баатрын байлдааны туг юм.
1700-аад оны үед дайн байлдааны үед хэрэглэгдэж байсан тодорхойлолттой. Монгол хүний гараар бүтээсэн түүхэн ховор бүтээл юм. Дайн байлдааны баатар ялалтыг бэлгэдэж бүтээсэн, Ойрадын дайнд оролцохоор мордохдоо ялалтыг бэлгэдэж бүтээсэн байдаг гэж Завхан аймгийн музейн тайлбарлагч О.Оюунцэцэг мэдээлэв.