АРХАНГАЙ: Тайхар чулуу нь дэлхийн хамгийн том судар бичиг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нутаг дэвсгэрт орших улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг цувралаар танилцуулж буй. Энэ удаад Тайхар чулууны тухай өгүүлсү.
Архангай аймгийн Ихтамир сумын нутагт Цэцэрлэг хотоос 22 км зайд, Хойд Тамир голын захад байрлах Тайхар чулуу нь 18 м өндөр, боржин чулуунаас бүтсэн цохио юм.
Тайхар чулуун дээр чулуун зэвсгийн үед /МЭӨ6000-3000/ бүтээсэн хурц зүйлээр зурж сийлсэн Монголын түүхэнд хамаарах элдэв дүрс, хөрөг, тамга, тэмдэг байхын зэрэгцээ хар бэх, улаан зосоор бичсэн 7-8 дугаар зууны үеийн түрэг бичиг, 10-р зууны үеийн уйгар бичиг, 13-р зууны үеийн монгол бичиг, 16-17-р зууны үеийн монгол бичиг, мөн Монголын үеийн тод үсгийн бичиг, Манж, Төвөд, Хятад Түрэгийн үеийн Орхон-Енисейн рүни бичиг болон согд, уйгар, кидан зэрэг 150 гаруй бичгийн дурсгал хадгалагдан үлдсэн дэлхийн хамгийн том судар бичиг юм.
Бичээсүүд дотроос хамгийн олон нь 70 орчим тоотой Монгол бичиг юм. Тайхар чулууны түрэг бичээс нь улаан, хар өнгийн зосоор эртний түрэг үсгийн бичмэл хэлбэрийг хадгалан үлдсэнээрээ онцлог.
Эдгээр бичээсүүдэд ерөөл, магтаал, шүлэг, залбирал, бэлгэдлийн утга санаа бүхий бичиг голлохын сацуу Монголын түүхэнд нэр алдраа мөнхлөн үлдээсэн эртний Түрэгийн төрийн зүтгэлтэн Куличур, Ойрадын Хуухай Даюу, Халхын Цогт Хунтайж зэрэг түүхэн хүмүүсийн нэр дурдагддаг байна.
17-р зууны үед Нанжун ноён гэгч "Тэнгэрийн заяагаар ургасан Тайгүрү дор очиж мөргөе" гэ бичсэн үг Тайхар чулуунд байхыг судалжээ. Энэ нь Нангиадаар "Сахиусан хад" гэсэн үг аж. "Тайгүрү" гэдэг үг бол "их багш" гэсэн Монголын хуучирсан зээлмэл үг аж.
"Тай" гэдэг нь "их" гэсэн нангиад үг, "гүрү" гэсэн нь "багш" гэсэн энэтхэг үг бөгөөд дээрх бичээсээс үзэхэд Тайхар биш
Тайгүрү гэдэг байсан бололтой гэж үздэг байна.
Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн юм.