Хөдөлмөрийн баатар Ч.Галсан “Мэргэн ном” цом гардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-26 13:37:24

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Ерөнийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээгчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, эрдэмтэн зохиолчдыг урамшуулах зорилгоор “Мэргэн ном” шагналыг 2019 оноос хойш жил бүр гардуулдаг болсон билээ.


"Номын соёлт ертөнц" төрийн бус байгууллагаас анх санаачлан зохион байгуулсан "Номын баяр"-ыг энэ жилээс нМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээн дор зохион байгуулах болсон өнөөдөр “Мэргэн ном” цомын эзнийг тодруулж, шагнал гардууллаа. Төрийн ордны Их танхимд болсон шагнал гардуулах ёслолыг нээж ЕТГ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ “Уншдаг, судалдаг ард түмэн урагшлан хөгжиж дэвшдэг. Хүн бүр өдөрт таваас доошгүй хуудас уншдаг больё хэмээн уриалгыг дэвшүүлсэн. Өдөр болгон хүн бүр уншицгаая” гэв.


Тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа “Бид жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногт номын баяраа зохион байгуулдаг уламжлалтай болсон. Ном бол та бүхнийг загнахгүй, зэмлэхгүй зодохгүй. Харин асар их мэдлэг, мэдээлэл өгнө. Дандаа сайн сайхныг өгдөг сайн нөхөр юм шүү гэдгийг онцлоод “Номын сайн нөхөр” аяныг өрнүүлж байна. Цаашлаад “Номын сайн нөхөр”-ийн тэмдэг, батламж гардуулдаг болох юм. Ингэснээр бусдыг уриалж чадвал улс орон хөгжин, дэвжинэ. Яагаад гэвэл та бүхний бодол оюунд Монгол Улсын маргаашийн ирээдүй зураастай, хөгжөөстэй байгаа. Тиймээс номын сайн нөхөр болж, жил бүр баяртаа сайн дураараа оролцдог хүүхдүүддээ талархал илэрхийлье” гэсэн юм. 




Өмнө нь энэхүү цомыг Төрийн соёрхолт, соёл судлаач “Тасам”-ын Ц.Санчир гардаж байсан бол 2024 оны “Мэргэн ном” цомын эзнээр Хөдөлмөрийн баатар Ч.Галсан тодорлоо. Шагналаа гардсаны дараа тэр ярихдаа “Маш их баярлалаа. Ёстой санаанд оромгүй үйл явдал боллоо. Би ийм хүндтэй шагнал авна гэж бодож явсангүй. Над руу утсаар ярихдаа “Ийм хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Та хүрэлцэн ирж оролцоорой” гэсэн. Тэгээд л ирлээ. Гэтэл ийм шагнал өгч байна. Сэтгэл их хөдөллөө” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Түүний 1988 онд бичсэн “Хөх тэнгэр сонсож бай” роман энэ онд эх хэлээрээ хэвлэгдэж, уншигчдын талархлыг хүлээсэн юм. Анх герман хэлээр 1988 онд бичиж, 1997 онд “Der blaue Himmel” нэрээр хэвлэгдсэн “Хөх тэнгэр сонсож бай” романы тухай “Шпийгель” сэтгүүлд “Үнэр ялдам, өнгө хурц, үйл явдлаар халгим цалгим байна. Хэн нэгэн ид шидтэн холын холоос Германы орчин үеийн утга зохиол руу цоо шинэ салхи илгээсэн мэт эрч хүчтэй мэдрэмж төрүүлж байна” хэмээн бичсэн байдаг. Энэ роман зохиолчийн хамгийн олон буюу 15 хэлээр хэвлэгдсэн бүтээл юм. Тухайлбал, герман хэлээр “Der Blaue Himmel” нэрээр 20 гаруй удаа, англиар “The Blue Sky”, испаниар “Сielo azul”, францаар “Ciel Bleu”, баскаар “Zeru urdina”, нидерландаар “De blauwe hemel”, даниар “Den blae Hemmel”, италиар “Il cielo azzurro”, солонгосоор “Цэнхэр тэнгэр” зэрэг нэрээр тус тус хэвлэгджээ. 




Үүнээс гадна номын нүүр хуудаст шинэ технологи нэвтрүүлсэн “Аргун Холдинг” хэвлэлийн газарт  “Номын ертөнцийн гавьяатан”-аар тодруулсан бол номын соёлыг түгээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Номын жор” клубыг “Мэргэн уншигч”-аар тодруулж, батламж гардуулсан юм. Үүнээс гадна “Дэм авьяастан” сургалтын төвийн төгөлдөрийн хуурын багш, Монгол Улсын гавьяат багш Д.Наранцацрал болон түүний шавь нар, мөн “Номын ертөнц” клубийн сурагчдад бэлэг, дурсгалын зүйл гардуулав. Энэхүү үйл ажиллагааны гол зочид нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ЕБС-ийн Э.Оюумаа багшийн номд дуртай сурагчид болон хотын захын болон төвийн сургууль болон "Номын ертөнц" клубийн сурагчид байлаа.


"Номын ертөнц” клубийн 18 багийн ирүүлсэн номын баярын тайлан мэдээллийг ахлагч Н.Сарнай танилцуулах үеэрээ 36 дахь удаагийн "Номын баяр"-аар 370 орчим мянган хүн зочилсон болохыг онцолж дурдаад "Клубийн хүүхдүүд видео контент, хэвлэл мэдээлэл, хамгаалалт, хоол, эрчүүдийн булан, бэлтгэл үе, багшийн тайзны хөтөлбөр, сэтгүүл, ном солилцоо, номын клуб, оролцогч байгууллагуудад туслах гэх зэргээр нийт 18 багийн зохион байгуулалтад хуваагдан ажилласан юм. Зарим том хүн гайхдаг. Яаж ийм том үйл ажиллагааг хүүхдүүд хийчихдэг юм бэ гэдэг.




Манай багш “Аливаа зүйлийг сэтгэлээсээ хий, чадах хүн арга олдог, чадахгүй гэсэн хүн шалтаг олдог” гэж захидаг. Тиймээс манай багийн бүх хүүхдүүд номын баяртаа аль ч багт хуваарилагдсан чин сэтгэлээсээ бүхнийг хийдэг юм. “Номын ертөнц” клубийн хүүхдүүд өөрийн гэсэн хүсэл, зорилго, тэмүүлэлтэй номын соёлыг түгээхэд хувь нэмрээ оруулж буй өсвөр үеийнхэн байдаг. Найман жилийн өмнөөс “Номын ертөнц” клубийн сурагчдыг "Номын баяр"-ын арын албанд ажиллуулж эхэлсэн нь багш нарын маань бодож олсон хамгийн чухал, зөв санаа байжээ. Одоо хүүхдүүдийн оролцоогүйгээр "Номын баяр"-ыг төсөөлөхийн аргагүй болсон төдийгүй хүүхэд залуус энэхүү баярыг зорин ирэх дуртай болж, боловсрол, соёлын чухал нэн үйл ажиллагаа болжээ.


Баярын 18 багийн хүүхдүүд есдүгээр сарын 22-нд тайлан хурлаа  зохион байгуулж, алдаа оноогоо дүгнэж шинэ хүүхдүүдэдээ ах, эгч нар нь хийдэг ажлаа тайлбарлан таниулж, залгамж халаагаа бэлдсэн. Номын баярын ард ажилласан бүх хүүхдэдээ баярлалаа. Зааж зөвлөн, удирдан чиглүүлж байдаг багш нартаа баярлалаа. Мөн биднийг дэмжиж байдаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, эрхэм номын ах Г.Занданшатар танд маш их баярлалаа" гэв. 













 

 

Холбоотой мэдээ